ДАНИЙН ХААНТ УЛС

2024-07-25


Улс төрийн нөхцөл байдал:

Хаан: X Фредерик (2024 оны 1-р сараас хойш); Өв залгамжлагч угсаа залгамжлагч хунтайж Кристиан (хааны том хүү, 2005 оны 10-р сарын 15-нд төрсөн)

Ерөнхий сайд: Метте Фредериксен (2019 оны 6-р сарын 27-ноос хойш) - Социал демократ нам

Дараагийн сонгуулийн огноо: Парламент: 2026 оны 10-р сар

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Социал демократ намын тэргүүн Метте Фредериксен нэг намын Засгийн газрыг (179 суудлаас 50 суудал) тэргүүлж байгаа хэдий ч Засгийн газар нь  “Венстр” (социал демократ, 22 суудал), Модерат (либерал, 14 суудал) дэмжлэгийг авч байгуулагдсан. Сөрөг хүчин нь Ардчилсан нам(баруун жигүүр, 16 суудал), Ногоон зүүн(социал демократ, 15 суудал), Либерал эвсэл(баруун жигүүр, 15 суудал), Консерватив(10 суудал), Улаан-Ногоон эвсэл(9 суудал), Данийн ардын нам(7 суудал), “Социал либерал(7 суудал), Алтернатив(5 суудал) намууд, бие даасан 4 гишүүдээс бүрддэг.

Эдийн засгийн байдал:

 

2020

2021

2022

2023

2024*

2025*

ДНБ-ий хэмжээ /тэрбум ам.доллар/

355.22

405.68

400.16

405.199

409.98*

424.32

ДНБ-ий өөрчлөлт /%/

-2.4

6.8

2.7

1.8

2.1*

1.5*

Нэг хүнд ноогдох ДНБ /ам.доллар/

60,926

69,466

68,131

68,299

68,897*

71,127*

Төсвийн тэнцэл /ДНБ-ийн хувиар/

8.1

9.1

13.4

10.9

9.9*

9.7*

Инфляц

0.3

1.9

8.5

3.4

1.5*

2.0*

Эх сурвалж : ОУВС-н статистик, 2024 оны тавдугаар сар

 

Дани нь гадаад худалдаанаас ихээхэн хамаарал бүхий нээлттэй эдийн засагтай. 2023 онд гадаад худалдаа, экспорт тогтвортой, ДНБ-ий бодит өсөлтийг дэмжсэн. Зээлийн хүү өндөр байгаа нь хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн. Дотоод эрэлтээс шалтгаалан эдийн засгийн идэвхжил нэмэгдэх төлөвтэй байна. Өрхийн хэрэглээ 2024 он хүртэл аажмаар бэхжиж, инфляц буурах нь бодит цалингийн өсөлтөд дэмжлэг болж байна. Засгийн газрын төсөвлөсөн зардлууд, тэр дундаа батлан хамгаалахын зардал нь дотоодын эрэлтийг өсгөх хандлагатай. Олон улсын эрчим хүчний үнийн унаж буй үед жилээрх инфляц 2024 онд 1.5% хүртэл буурч, 2025 онд 2% хүртэл өсөх төлөвтэй байна.

Данийн эдийн засаг нь орлогын тэгш хуваарилалт, засгийн газрын өргөн хүрээтэй халамжийн арга хэмжээнүүдтэй бөгөөд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2021 онд 68,299 ам.долларт хүрсэн нь дэлхийн хамгийн өндөр орнуудын нэгт тооцогддог юм.

Хөдөө аж ахуйн салбар нь ДНБ-ий ердөө 1.3 хувийг бүрдүүлдэг ба хөдөлмөрийн хүчний 2 хувийг эзэлдэг хэдий ч газар нутгийн 60 орчим хувийг хөдөө аж ахуйд ашигладаг. Дани нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн (мах, загас, сүүн бүтээгдэхүүн гэх мэт) гол экспортлогч орон бөгөөд нийт 50,000 гаруй фермерүүдтэй аж. Тус улс нь хүн амаасаа гурав дахин их буюу 17 сая хүнийг тэжээх хэмжээний хүнс жил бүр үйлдвэрлэдэг, хөдөө аж ахуйн орлогын 90 орчим хувийг мал аж ахуйн үйлдвэрлэлээс бүрдүүлдэг байна. Харин аж үйлдвэрлэлийн салбар нь хөдөлмөрийн хүчний 19 орчим хувийг ажиллуулж, ДНБ-ий 21.2 хувийг бүрдүүлдэг. Голлох салбаруудад химийн бүтээгдэхүүн, эм зүй, биотехнологийн үйлдвэрүүд багтдаг бөгөөд сэргээгдэх эрчим хүч, биотехнологийн салбарууд өндөр хөгжсөн байдаг. Ялангуяа салхин сэнсний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч бөгөөд үйлдвэрлэлийнхээ дийлэнх хувийг экспортлодог. Мөн үйлчилгээний салбар нь ДНБ-ий ойролцоогоор 4/3 (64.6%) бүрдүүлдэг ба худалдаа, тээврийн үйлчилгээ нь тус улсын эдийн засагт чухал ач холбогдолтой (Дани бол дэлхийн тав дахь том тээврийн оператор юм).

Гадаад худалдаа 2023 оны байдлаар тус улсын ДНБ-ий 129%-ийг бүрдүүлсэн бөгөөд ихэвчлэн эмийн бүтээгдэхүүн, мах, цахилгаан үүсгүүр, салхин сэнсний эргэлтэт хувиргагч экспортлодог. Харин голлох импорт нь автомашин, эм, мэдээлэл боловсруулах автомат машин, утас, газрын тос юм. Данийн гадаад худалдааны гол түншүүд нь Герман (13.1%), Швед (7.9%), Нидерланд (5.5%), Норвеги (5.0%), АНУ (4.7%) байв. Импортын гол эх үүсвэр нь Герман (18.8%), Швед (11.5%), Норвег (10.0%) Нидерланд (8.9%), Хятад (6.1%).

Гадаад бодлого:

Дани нь дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулж, олон улсын хууль тогтоомж, нийтлэг хүний эрхийн төлөөх тэмцлийн тэргүүн эгнээнд явдаг гэж үздэг ба хүмүүнлэгийн хүчин чармайлт, олон улсын цэргийн үйл ажиллагаа зэргээр дамжуулан дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулж, терроризм, радикализмаас урьдчилан сэргийлэх, эмзэг улс орнуудад дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажилладаг байна. Түүнчлэн НҮБ, НАТО, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, ОУВС, ДБ, ЕАБХАБ, ДХБ, Нордикийн зөвлөл болон Арктик зэрэг олон улсын байгууллагын гишүүн юм.

Данийн аюулгүй байдал, гадаад бодлогын тайланд Украины дайнаар дамжуулан Европын аюулгүй байдлын бүтцийг өөрчлөх Оросын үйлдэл нь өөрийн нутаг дэвсгэрээ хамгаалах, кибер аюулгүй байдалд анхаарлаа хандуулахад хүргэсэн бол Хятад эдийн засаг шахалтад орсон нь Данийн аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг хадгалахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авах шаардлагатайг илтгэж байгаа талаар тусгасан байна.

Мөн Дани нь Хойд Атлантын далай болон Балтийн тэнгисийн бүс нутагт стратегийн нөлөөгөөр хангадаг АНУ-тай хоёр талын болон НАТО-гийн хүрээндэх хамтын ажиллагаанд өөрчлөлт гараагүй хэдий ч АНУ-ын дотоод улс төрийн тогтворгүй байдал нь эргэлзээ төрүүлж байгаа аж. Харин Нордикийн хөршүүдтэй хоёр болон олон талт хмтын ажиллагаа эрчимжсэн байна. ЕХ нь бүх салбарт, тэр дундаа цэрэг батлан ​​хамгаалах салбарын гадаад бодлогын чухал тоглогч болсон гэдэгтэй улс төрийн түвшинд санал нэг байгаа ба аюулгүй байдал, гадаад бодлогын цар хүрээ нэлээд өргөжиж, геополитикийн өөрчлөлт гарч байгаа энэ үед Хятад зэрэг нь олон улсын санхүү, худалдаа, хөрөнгө оруулалтаар дамжуулан төрийн бодлогоо хэрэгжүүлэх болсон тул ЕХ-ны үүрэг чухал болсон гэж тайландаа дурьдсан байна.