Элчин сайд
2022-11-28
Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны цахим хуудаст зочилж буй эрхэм таны амар мэндийг эрэн мэндчилье.
Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам нь Норвег, Финланд, Дани болон Эстони Улсыг хавсран ажиллаж эдгээр улс орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эх орныхоо түүх соёлыг сурталчлан таниулах, монгол судлалыг хөхиүлэн дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг.
Монгол Улс, Бүгд Найрамдах Финланд Улстай дипломат харилцаа тогтоосны 60 жил, Норвегийн Хаант Улс, Данийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг 2023 онд тус тус ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн бол, 2024 онд Монгол, Шведийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил, Монгол, Исландийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож эдгээр орнуудтай хөгжүүлж буй бидний харилцаа хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжин улам бүр өргөжин тэлж байгааг дуулгахад нэн таатай байна.
ЭСЯ-ны хамт олон суугаа болон хавсран суугаа орнуудтай хоёр талын улс төрийн харилцааг бэхжүүлэх, худалдаа-хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хүмүүнлэгийн харилцан солилцоог шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд тодорхой зорилтуудыг дэвшүүлж, хүчин чармайлт гарган ажиллаж байна. Мөн түүнчлэн суугаа болон хавсран суугаа орнуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэдийн үүсгэн байгуулсан холбоод, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах нь манай Элчин сайдын яамны эрхэм зорилгын нэг юм.
Манай цахим хуудсанд зочилсон эрхэм Танд талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Элчин сайдын яамны үүд хаалга Та бүхэнд үргэлж нээлттэй байх болно.
Хүндэтгэсэн,
Элчин сайд Ц.Мөнх-Өлзий