НОРВЕГИЙН ХААНТ УЛС

2024-07-25


Улс төрийн нөхцөл байдал:

Хаан: Харалд V (1991 оны 1-р сарын 17-ноос хойш)

Ерөнхий сайд: Йонас Гар Стёре (2021 оны 10-р сарын 14-өөс хойш) – Хөдөлмөрийн нам

Дараагийн сонгуулийн огноо: Парламент: 2025 оны 9-р сар

2021 оны 9-р сард зохион байгуулагдсан парламентын сонгуулиар Консерватив намын Ерөнхий сайд Эрна Солбергийн хуучин Засгийн газар олонхийн дэмжлэгийг авч чадаагүй тул найман жил үргэлжилсэн засаглал нь дуусгавар болсон. Харин Йонас Гар Стерер тэргүүтэй Хөдөлмөрийн нам Төв намтай цөөнхийн эвслийн засгийн газар байгуулж чадсан. Засгийн газрын гурав дахь боломжит түнш болох Социалист зүүний нам нь байгаль орчны бодлоготой холбоотой санал зөрөлдөөний улмаас эвсэлд нэгдэхгүй байхаар шийдсэн хэдий ч шинэ Ерөнхий сайд Йонас Гар Стере-ийг асуудал бүрт харилцан адилгүй байдлаар дэмжихээ мэдэгдсэн байна.

Норвегид хэд хэдэн намаас бүрдсэн эвслийн Засгийн газар байгуулагдах нь түгээмэл бөгөөд одоогоор парламентад есөн намын төлөөлөл сууж байна. 2021-2025 оны бүрэн эрхийн хугацаанд Хөдөлмөрийн нам болон Консерватив нам хамгийн олон төлөөлөлтэй байна.

Норвегийн Үндсэн хуулиар гүйцэтгэх эрх мэдлийг Хаанд (төрийн тэргүүн) олгодог боловч Засгийн газрын танхим хэрэгжүүлдэг. Хаан зарим эрх мэдэлтэйгээр ёслолын үүрэг гүйцэтгэдэг. Сонгуулийн дараа олонхийн удирдагчийг ихэвчлэн парламентын зөвшөөрлөөр хаан Ерөнхий сайдаар томилдог. Харин Стортинг нь Норвегийн хууль тогтоох байгууллага бөгөөд нэг танхимтай, 169 төлөөлөгчтэй, пропорциональ тогтолцоогоор гишүүд дөрвөн жилийн хугацаатай сонгогддог.

Эдийн засгийн байдал:

 

2020

2021

2022

2023

2024*

2025*

ДНБ-ий хэмжээ /тэрбум ам.доллар/

367.63

503.36

593.72

485.51

526.95*

554.77*

ДНБ-ий өөрчлөлт /%/

-1.3

3.9

3

0.5

1.5*

1.9*

Нэг хүнд ноогдох ДНБ /ам.доллар/

68,275

92,955

108,438

87,739

94,659*

99,063*

Төсвийн тэнцэл /ДНБ-ийн хувиар/

1.1

14.9

30.2

17.7

19.5*

20.7*

Инфляц

1.3

3.5

5.8

5.5

3.3*

2.6*

Эх сурвалж : ОУВС-н статистик, 2024 оны тавдугаар сар

 

Норвег нь нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог буюу 2023 онд 87,739 ам.доллар ба НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Хүний хөгжлийн индексийн чансааг тэргүүлдэг байна.

Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 1.9%-ийг бүрдүүлдэг бөгөөд Хятадын дараа дэлхийн хоёр дахь том далайн бүтээгдэхүүн экспортлогч орон юм. Харин загас агнуураас бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ бага тул импортоос хараат ба хөдөө аж ахуйн салбар дахь татаас маш өндөртэй аж.

Аж үйлдвэрлэлийн салбар ДНБ-ий 25.9 хувийг бүрдүүлдэг. Норвегийн эдийн засаг нь байгалийн баялаг, эрчим хүчний эх үүсвэрээс (газрын тос, хий, ой мод, ашигт малтмал, усан цахилгаан станц) голчлон бүрдэх ба байгалийн баялагийн орлогоор дэлхийн хамгийн том баялгийн санг байгуулсан. Харин ашигт малтмалын бус аж үйлдвэрлэл нь ДНБ-ий 6.6%-ийг бүрдүүлдэг бөгөөд усан онгоц, металл, модон бүтээгдэхүүн, цаас, химийн үйлдвэр, машин механизм, цахилгаан тоног төхөөрөмж голлох байр суурийг эзэлдэг байна.

Норвегийн гадаад худалдаа ДНБ-ий 65.4%-ийг эзэлдэг ба голчлон улс эрчим хүч их шаарддаг бүтээгдэхүүн экспортолж, өндөр технологийн бүтээгдэхүүн импортолдог. Тус улс нь газрын тос экспортлогч 20 орны тоонд багтдаг бөгөөд дэлхийн хоёр дахь том байгалийн хий, далайн бүтээгдэхүүн экспортлогч ба дэлхийн хамгийн том 25 экспортлогчдын нэг юм. Газрын тос, хий нь нийт экспортын тал орчим хувийг эзэлдэг бол импортыг автомашин (7%), боловсруулсан газрын тос, тоног төхөөрөмж тэргүүлдэг байна.

Гадаад бодлого:

Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой далай, байгаль орчин зэрэг нь Норвегийн гадаад бодлогын үндсэн чиглэл юм. Норвег улс НҮБ-ын Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагт (UNRWA) идэвхтэй ажилладагаас гадна 13 улстай хамтран Далайн тогтвортой эдийн засгийн дээд түвшний зөвлөлийг байгуулсан. Норвеги нь НАТО-г үүсгэн байгуулагч гишүүн бөгөөд Хойд туйлын зөвлөл, ЕАБХАБ, Дэлхийн банк, ОУВС, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, ДХБ зэрэг олон улсын бусад байгууллагын гишүүн ба ЕХ-ны гишүүн биш боловч Европын Чөлөөт Худалдааны Холбооны (EFTA) гишүүн билээ.

Норвегийн аюулгүй байдлын бодлого нь НАТО-гийн гишүүнчлэл болон АНУ-тай хоёр талын харилцаанд ихээхэн тулгуурладаг. Норвегийн Батлан ​​хамгаалахын сайд Одд Рожер Эноксений мэдэгдсэнээр Брекситийн дараах Их Британийг Европын хамгийн чухал холбоотон гэж үздэг байна. Норвег нь газар нутгийнхаа хойд хэсэгт НАТО-ийн цэрэг байршуулах хүсэлтэд илүү эерэгээр хандаж байгаа нь Норвегийн стратегийн үүрэг илүү чухал болсныг харуулж байгаа аж. Хэдийгээр Норвег нь Арктикийн бүст тэнцвэртэй бодлого баримтлахыг зорьж байсан хэдий ч Оросын түрэмгийлэл нэмэгдэж, дайн хийж байгаа нь бодлогын өөрчлөлт хийхэд хүргэсэн аж.

2022 оны 5 дугаар сард АНУ нь Украин руу илүү хүнд зэвсэг илгээж буй хэд хэдэн орны тоонд Норвег багтсан талаар зарласан хэдий ч Норвегийн тал аюулгүй байдлын шалтгаанаар уг мэдээллийг батлаагүй. Уг илүү хүнд зэвсэг гэдэгт M109 төрлийн хуягт машинууд багтаж байгаа нь Норвегоос их буу /artillery/ илгээж байгаа гэсэн үг аж. M109 хуягт машины их буу нь 30 км-ийн тусгалтай бөгөөд энэ нь өмнө нь илгээж байсан зэвсгээс хамаагүй хүнд төрлийн зэвсэг гэж Норвегийн Klassekampen сонин бичжээ. Энэ талаар Норвегийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн Жули Вильгельмсен нь Норвег Украинд илүү олон тооны зэвсэг нийлүүлэх нь үндэслэлтэй боловч дайныг даамжруулахад хувь нэмрээ оруулж болзошгүй хэмээн анхааруулав. Түүнчлэн тэрээр “Норвегийн оруулж буй хувь нэмэр нь мэдээжийн хэрэг улам хүнд зэвсгийг илгээж буй АНУ-ын томоохон хөрөнгө оруулалтын нэг хэсэг гэдгийг хүмүүс мэдэх ёстой. Энэ нь Украинд өөрийгөө хамгаалах боломж олгохоос ч илүү байж болохоор байна” хэмээгээд Орос, Украины дайн нь зөвхөн хамгаалах дайнаас их гүрнүүдийн хоорондох зөрчилдөөн болж хувирч магадгүй ба хурцадмал байдлын аюул нэмэгдсэн гэж онцлов. Мөн тэрээр ““Нэгдүгээрт, хэн ч хэлэлцээр хийх сонирхолгүй байгаа бололтой. Хоёрдугаарт, Барууны орнуудаас ийм их хэмжээний зэвсгийн нийлүүлэлт ирвэл Оросын зүгээс Украин Крымийг хүчээр эргүүлэн авах нь боломжтой гэж үзэж хүчтэй хариу арга хэмжээ авна гэдэгт итгэлтэй байна" гэв.