Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад хийж буй айлчлалын мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Хүний нөөцийн хөгжил, байгалийн баялгийн тогтвортой ашиглалт болон нийгмийн өөрчлөлтийн төлөөх олон улсын төв /GRO/-д зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус төвийн Хөрсний нөхөн сэргээлтийн сургалтын хөтөлбөрийн захирал Шёфн Вильхельмсдоттир, Гүний дулааны сургалтын хөтөлбөрийн захирал Бьярни Рихтер, Жендерийн тэгш байдлын сургалтын хөтөлбөрийн захирал Ирма Эрлингсдоттир нартай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа жендерийн тэгш байдал, гүний дулааны хөтөлбөрүүдэд монгол мэргэжилтнүүдийг оролцуулж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Хүний нөөцийн хөгжил, байгалийн баялгийн тогтвортой ашиглалт болон нийгмийн өөрчлөлтийн төлөөх олон улсын төвд зочлох үеэрээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус төвд сургалцаж буй Монгол оюутнуудтай уулзаж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд тэдний үүрэг хариуцлага чухал гэдгийг онцоллоо.
Тус төв нь 2020 оноос хойш ЮНЕСКО-ийн ивээл дор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба “Жендерийн тэгш байдлыг судалгаа, сургалтын хөтөлбөр”, “Газрын гүний дулааны сургалтын хөтөлбөр”, “Газрыг нөхөн сэргээлтийн сургалтын хөтөлбөр” зэрэг чиглэлээр сургалт зохион байгуулдаг. 2001–2024 оны хооронд Монгол Улсын 74 мэргэжилтэн тус төвд суралцаж, мэргэжил дээшлүүлээд байна.