images

“Төгс Монгол” Европын хүүхдүүдийн язгуур урлагийн наадам Стокхолм хотноо зохион байгуулагдав

Мэдээ мэдээлэл

2025-04-21

52

Швед Улсад эх хэл, соёлыг хөгжүүлэх “Төгс билэгт” төвийн санаачилгаар Европын хүүхдүүдийн дунд “Төгс Монгол” язгуур урлагийн анхдугаар наадмыг Стокхолм хотноо 4 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Хилийн чанадад амьдарч буй хүүхэд багачууд монгол ардын язгуур урлагаар хичээллэх замаар үндэсний өв соёл, зан заншлаа танин мэдэх, өвлүүлэн үлдээх зорилготой энэхүү анхдугаар наадмыг Монгол Улсын Соёлын яам, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам дэмжин хамтран зохион байгуулж, оролцов.

Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайд Ц.Мөнх-Өлзий наадмыг нээж хэлсэн үгэндээ язгуур урлаг нь монгол түмний эх дэлхийтэйгээ зохицон орших ахуй соёл, өв уламжлал, оюун санааны үнэт зүйлсийн илэрхийлэл болохыг онцлоод язгуур урлагийн төрөл зүйлээр дамжуулан хилийн чанадад сууж буй монгол хүүхдүүддээ өв уламжлалаа өвлүүлэн үлдээх, үндэсний ухамсар, бахарлыг төлөвшүүлэн хөгжүүлэх нь наадмын тэргүүн зорилго болохыг онцлон тэмдэглэв.

“Төгс Монгол” язгуур урлагийн анхдугаар наадамд 71 хүүхэд ардын язгуур урлагийн 5 төрөлд 3 насны ангиллаар авъяас билгээ сорин оролцсоноос наадмын Гран При шагналын эзнээр Красимирова Ан-Мари тодорлоо.

Анхдугаар наадмын шагналын эзэддээ баяр хүргэхийн зэрэгцээ авъяас билгээ  сорьсон бяцхан хүүхдүүддээ урлагийн өндөр амжилт хүсье. Эх хэл, үндэсний урлаг соёлоо үр хүүхдүүддээ таниулах, хөгжүүлэх, өвлүүлэх их үйлсэд сэтгэл зүрхээ зориулсан багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.