МЭДЭЭЛЭЛ: 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх зарим зохицуулалтын тухай
МЭДЭЭЛЭЛ
2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин
төгөлдөр үйлчлэх зарим зохицуулалтын тухай
Швед Улсын Парламент /Риксдаг/-аас визийн зохицуулалттай холбоотой зарим өөрчлөлтийг баталж, 2025.04.01-ний өдрөөс хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэхүү шинэ журам шведэд амьдарч байгаа гадаадын иргэдэд хэрхэн нөлөөлөх талаар Шведийн Харьяатын газраас тодруулж, доорх хариулт авсныг үүгээр мэдээлж байна.
- Парламентын шийдвэрийн талаар товч
Швед Улсын Парламентаас визийн төрөл өөрчлөх буюу орогнол хүсэгч /бидний ярьж заншсанаар цагаачлах хүсэлт/-ийн хүсэлт гаргаж татгалзсан хариу авсан гадаадын иргэд визийн ангиллаа өөрчлөн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл /ажиллах эрх/ хүсэх эрхтэй байсныг 2025.04.01-ний өдрөөс халж байна.
- Spår byte, Track change буюу Визийн төрөл өөрчлөх гэж юу вэ?
Швед Улсад хөдөлмөр эрхлэх эсхүл оршин суух зөвшөөрөл хүсэгч нь Шведэд ирэхээс өмнө журмын дагуу зөвшөөрөл мэдүүлж, авсан байх шаардлагатай. Энэхүү журам нь Швед Улсад орогнол хүсэж татгалзсан хариу авсан хүнд хамааралгүй. Швед Улсад үлдэж хөдөлмөр эрхлэх нөхцөлөөр оршин суух зөвшөөрлийг Швед Улсын дотоодоос мэдүүлэх боломжтой байсныг Spår byte, Track change буюу Визийн төрөл өөрчлөх гэж нэрлэж ирсэн.
- Шинэ журмаар орж буй өөрчлөлт юу байх вэ?
Тухайн гадаадын иргэн Швед Улсад орогнол хүсээд татгалзсан хариу авсны дараа хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүссэн, энэ аргаар авсан хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, визээ сунгуулах хүсэлт гаргасан бол хүсэлтийг нь хэлэлцэх эрх зүйн үндэслэлгүй болж байна.
Орогнол хүсээд татгалзсанаар хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан иргэдийн хувьд визийн хугацаагаа дуустал Швед Улсад үлдэж, ажиллах боломжтой ч, 2025.04.01-ний өдрөөс хойш визээ сунгуулах боломжгүй болно. Эдгээр иргэд Швед Улсад үлдэх өөр шалтгаангүй тохиолдолд визийн хугацаа дуусмагц Швед Улсыг орхин гарах шаардлагатай. Энэ шийдвэр гэр бүлийн гишүүдэд мөн хамаарна.
- Шинэ журмыг хэрэгжүүлэхэд шилжилтийн үе байгаа юу?
Парламентын эл шийдвэрийг хэрэгжүүлэхэд шилжилтийн үе байхгүй бөгөөд 2025.04.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
- Визийн хугацаа дуусахад Швед Улсаас гарах ёстой юу?
Тийм. Парламентын шийдвэрт Орогнол хүсэгчээс Хөдөлмөр эрхлэх виз авсан бүх иргэд визийн хугацаагаа дуусахад Швед Улсыг орхин гарах шаардлагатай. Харин хөдөлмөр эрхлэх урт хугацааны виз /уртын виз/ хүсэгчдийн асуудлыг Шведийн Харьяатын газар нэг бүрчлэн хэлэлцэж, шийдвэр гаргана. Чингэхдээ тухайн сунгалт хүсэгчид Швед Улсад үлдэх өөр шалтгаан байгаа эсэхийг нарийвчлан судална.
- Швед Улсаас хэзээ гарах вэ?
Шведийн Харьяатын газраас визийн хүсэлтэд татгалзсан шийдвэр гарсан тохиолдолд та заасан хугацаанд Швед Улсаас гарах ёстой. Энэ тохиолдолд Шведийн Харьяатын газраас эх орондоо буцахад дэмжлэг үзүүлэх боломжтой эсэхийг тодруулж болно.
Монгол Улсын иргэдийн хувьд анх удаа орогнол хүсээд татгалзсан хариу авсан тохиолдолд эх орондоо буцах эсхүл буцсаны дараах тэтгэмжид хамрагдах боломжтой. Харин орогнол хүсэгч Шведийн Харьяатын газрын шийдвэрийг давж заалдсан тохиолдолд тэтгэмжид хамрагдах эрхгүй болно.
- Швед Улсад ажиллах виз дахин мэдүүлж болох уу?
Швед Улсад ажиллах хүчин төгөлдөр ажлын гэрээтэй бол хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, виз эх орноосоо мэдүүлэх боломжтой.