ХҮҮХДИЙН ЦАГААН САРЫН БАЯРЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Үндэсний өв соёл, ёс заншил, уламжлалаа гадаад улсад төрж, өсөн торниж буй монгол хүүхдүүддээ таниулах, өвлүүлэх зорилгын хүрээнд Элчин сайдын яамнаас Арван долдугаар жарны хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярын арга хэмжээг Стокхолм хотын “Төгс билэгт” Эх хэл, соёлыг хөгжүүлэгч төвд суралцагч хүүхэд, багачуудын дунд 3 дугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээнд Төгс билэгт төвийн Цагаан толгой, Монгол хэл, Математик, Соробан сампин, Төгөлдөр хуур, Үндэсний сур харваа, шатрын сургалтын 5-13 насны 50 орчим хүүхэд хамрагдсан бөгөөд тэдэнд Сар шинийн баяр, ёс заншил, уламжлалын талаар таниулж, монгол тоглоом наадгайгаар тоглож, багш нар болон Швед Улс дахь Шагайн харвааны холбооны ахмад харваачдад золгож, хүндэтгэл үзүүллээ.
Өв соёлоо эрхэмлэн дээдэлж, эх хэл, соёлоо өвлүүлэх энэхүү арга хэмжээнд хамтран ажилласан Төгс билэгт төв, тус төвийн хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд талархал илэрхийлье.
Төгс билэгт төвийн бяцхан сурагчиддаа Элдэв эрдэнэт хэмээх хөхөгчин модон могой жилд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.