Элчин Сайд Ц.Мөнх-Өлзий Итгэмжлэх жуух бичгээ барив
Монгол Улсаас Бүгд Найрамдах Эстони Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзий 2025 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Эстони Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Алар Карист Итгэмжлэх жуух бичгээ барив.
Итгэмжлэх жуух бичгээ барьсан уулзалтын үеэр Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Ерөнхийлөгч Алар Карист Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, түүнийг Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлов. Түүнчлэн Монгол-Эстонийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийт үнэт зүйлсэд тулгуурлан цахим засаглал, мэдээллийн технологийн салбарт амжилттай хөгжиж буйг тэмдэглээд цаашид хамтын ажиллагааг харилцан ашигтай бусад салбарт, тэр дундаа боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, хөтөлбөрийн хүрээнд Эстонийн их, дээд сургуулиудад монголын оюутан залуусыг суралцуулах сонирхлоо мөн илэрхийлэв.
Эстони Улсын Ерөнхийлөгч Алар Карис Элчин сайд Ц.Мөнх-Өлзийг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж амжилт хүсээд газарзүйн хувьд хоорондоо алслагдмал хэдий ч хүн ам цөөтэй, нийтлэг үнэт зүйлстэй Эстони, Монголын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, ялангуяа соёл, хүмүүнлэгийн чиглэлээр тодорхой арга хэмжээ хэрэгжүүлж ажиллахыг хүсэв.