images

Элчин сайд Т.Жанабазар ИЖБ-ээ барьсантай холбогдуулан Финланд улсад ажиллав

Мэдээ мэдээлэл

2021-11-11

236

Монгол Улсаас Бүгд Найрамдах Финланд Улсад хавсран суугаа Элчин сайд Т.Жанабазар ИЖБ-ээ барьсантай холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 8-наас 10-ны өдрүүдэд Хельсинки хотноо ажиллав. Финландын Гадаад хэргийн сайд ноён Пекка Хаависто-той уулзах үеэр талууд өндөр түвшний харилцан айлчлал болон Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг 2022 онд сайн бэлтгэлтэй зохион байгуулах, Финландын Худалдаа, хөрөнгө оруулалтын байгууллагын төлөөлөгчдийг Монголд айлчлуулах зэрэг асуудлыг хөндөж ярилцав. Мөн олон талт хамтын ажиллагаа, түүний дотор ЕАБХАБ, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, “Онлайн эрх чөлөө” эвсэл зэрэг механизмын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж буйг тэмдэглэв. Финландын Гадаад хэргийн яамны Олон улсын худалдааны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга, Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын финландын талын дарга хатагтай Нина Васкүнлати-тай хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, түүнчлэн Комиссын ээлжит хуралдааны хэлэлцэх хэргийн агуулга, мөн уг арга хэмжээнд урьдчилан бэлтгэл хангасны үндсэн дээр финландын талаас бизнесийн тодорхой цөөн салбарын төлөөлөл оролцуулах талаар хамтран ажиллахаар болов. Элчин сайд мөн ГХЯ-ны Америк, Азийн газрын орлогч ерөнхий захирал Пекка Каихилати, Эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн яамны сайдын зөвлөх ноён Микко Пүүстинэн, Бизнес Финланд байгууллагын Гадаад харилцаа хариуцсан ахлах захирал хатагтай Мариа Вестерхолм нартай уулзах үеэр яам хоорондын хамтын ажиллагааны механизмыг тогтмолжуулах, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, аялал жуулчлал, ойн аж ахуйн салбарт хөгжүүлэхэд үргэлжлүүлэн ажиллах нь чухал гэж талууд үзэв. Түүнчлэн хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийхэнтэй хамтран ажилладаг Финландын Хөгжлийн сан “Finnfund”-гийн Хөрөнгө оруулалтын менежер Паулиина Халонен, бизнесийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг дэмждэг “Finnpartnership” байгууллагын Төслийн удирдлагын дарга Биргит Невала нартай ойн аж ахуй, жендерийн тэгш байдлыг хангах бичил санхүүжилт, цахим шийдэл зэрэг салбаруудад хөрөнгө оруулалт авах, экспортын чигтэй хувийн хэвшлүүдийг Финландын худалдан авагчтай холбох мэдээллээр хангах боломжийн талаар ярилцаж, хамтран ажиллахаар болов. Мөн ойн аж ахуй, менежмент, ойжуулалтын технологиор дэлхийд тэргүүлэгч Финландын Байгалийн нөөцийн хүрээлэнгийн Гадаад харилцааны захирал Жон Кеттле болон ойн менежмент, ойжуулалтын мэргэжилтэн, судлаачид болох Матт Хаапанен, Пекка Хивонен нартай уулзаж Монголд 1 тэрбум мод тарих санаачилгын хүрээнд тогтвортой ойн менежмент, модны үр, үрсэлгээний чиглэлээр хамтран ажиллах боломжийг ярилцан, цаашид холбогдох байгууллагууд мэдээлэл солилцож ажиллахаар болов.