images

ЭЛЧИН САЙД Ц.МӨНХ-ӨЛЗИЙ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Мэдээ мэдээлэл

2025-02-07

171

Монгол Улсаас  Исланд Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Исланд Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Халла Томасдоттирт 2025 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Исландын Ерөнхийлөгч Халла Томасдоттирт Итгэмжлэх жуух бичгээ барих үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх,  эрх чөлөөг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан амжилттай хөгжиж буйг тэмдэглэв.

Түүнчлэн  хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухал ач холбогдолтойг дурдаад, хамтын ажиллагааг сэргээгдэх эрчим хүч, газрын гүний дулааны ашиглалт, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбарт идэвхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Исланд Улсын Ерөнхийлөгч Халла Томасдоттир Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг талархан хүлээн авч буйгаа илэрхийлээд, Исланд, Монголын харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай салбарт хөгжүүлэх Элчин сайдын санаачилгыг дэмжиж ажиллахаа мэдэгдэв.

Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Рейкьвик хотноо ажиллах үеэрээ Исланд Улсын Гадаад хэргийн яамны Байнгын төрийн нарийн бичгийн дарга Мартин Эйольфссон, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал Рагнар Кристянссон, Олон улсын хамтын ажиллагаа, бодлогын газрын дэд ерөнхий захирал Анна Хьяртардоттир, Хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх олон улсын төвийн ерөнхий захирал Нина Ёонсдоттир нартай тус тус уулзаж, хамтын ажиллагааны зарим асуудлаар, тэр дундаа энэ онд хэрэгжүүлэх харилцан айлчлал, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцов. Мөн зарим төрлийн паспортыг визээс чөлөөлөх зорилгоор цаашид хамтран ажиллахаар тохиров.