Элчин сайд Т.Жанабазар Шведийн ерөнхий боловсролын сургуулиудад монгол хэл, түүх, уран зохиолын хичээл зааж буй мэргэжилийн абан ёсны багш нарын төлөөлөлийг хүлээн авч уулзав
Швед нь Европт амьдарч буй монгол иргэдийн тоогоор эхний гуравт ордог ба бага насны хүүхдүүдтэй залуу гэр олонтой, цаашид өсөх хандлагатай байна. Түүнчлэн Стокхолм хотод Монгол хэл, түүх, урлаг, соёлын сургалтын “Хос жигүүр”, “Төгс билэгт” төвүүд олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна Шведийн Боловсролын тухай хуульд заасны дагуу эх хэлний хичээлийг ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын хөтөлбөрт тусгасан онцлогтой байдаг тул 30 орчим мэргэжлийн албан ёсны монгол багш нар монгол хэл, түүх, уран зохиолын хичээлийг Шведийн сургуулиудад сурч буй монгол сурагчдад зааж байна. Иймд Шведэд амьдарч буй монгол хүүхдүүдэд “Хос жигүүр”, “Төгс билэгт” сургалтын төвүүд болон Шведийн ерөнхий боловсролын сургуулиуд дахь мэргэжлийн албан ёсны монгол багш нараар дамжуулан монгол хэл, соёл, түүх, ёс заншлын мэдлэгийг нэгдсэн хөтөлбөр, арга зүйгээр хүргэх боломжийг судлах зорилгоор 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Элчин сайд Т.Жанабазар мэргэжлийн багш нарын төлөөлөл болох Б.Энхтуяа, Х.Саранхүү, Б.Нямдаваа, Н.Болормаа, н.Дариймаа, Б.Энхтуяа багш нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Шведийн ерөнхий боловсролын сургуулиуд дахь мэргэжлийн албан ёсны монгол багш нарын сургалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид монгол хэл, соёл, түүх, ёс заншлын мэдлэгийг олгоход зайлшгүй шаардлагатай ном, гарын авлага, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын талаар санал солилцов. Мөн “Хос жигүүр”, “Төгс билэгт” сургалтын төвүүдийн саналыг авч нэгтгэв. Цаашид сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулах тодорхой санал бэлтгэн, БШУЯ-нд хүргүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.