images

Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Шведийн зах зээлд гаргах боломж, нөхцлийн талаар манай бизнес эрхлэгчдэд зориулан тусгай сургалт зохион байгуулхаар болов

Мэдээ мэдээлэл

2021-09-18

200

Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Шведийн зах зээлд гаргах боломж, нөхцлийн талаар манай бизнес эрхлэгчдэд зориулан тусгай сургалт зохион байгуулж, зөвлөмж өгөх ЭСЯ-ны хүсэлтийн дагуу Шведийн Худалдааны үндэсний зөвлөлийн дэргэдэх Нээлттэй худалдааны хаалга байгууллага /Open Trade Gate/ нь урьдчилсан онлайн уулзалтыг Монголын ноос, ноолуурын холбоо болон ЭСЯ-тай 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хийв. Онлайн уулзалтад шведийн талаас Худалдааны бодлогын зөвлөх, төслийн менежер Анамариа Делиу, манай талаас Монголын ноос, ноолуурын холбооны Сертификатчлалын газрын дарга Б.Баясгалан, Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Номин, ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх А.Мандахнаран болон Сор Кашмер, Баялаг-Өлзий, Нанс Кашмер, Говь Айгар зэрэг компаниудын төлөөлөл оролцов. Уулзалтаар Худалдааны бодлогын зөвлөх, төслийн менежер Анамариа Делиу Нээлттэй худалдааны хаалга байгууллагын /Open Trade Gate/ үйл ажиллагаа, “Road to Export” платформ, Монголын ноос, ноолуурын холбооноос ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, өнөөгийн нөхцөл байдал, холбооны үйл ажиллагааны талаар танилцуулав. Түүнчлэн Нээлттэй худалдааны хаалга байгууллагаас сургалтын агуулга, хамрах хүрээг боловсруулах зорилгоор манай ноос, ноолууран бүтээгдэхүүний онцлог, гадаад зах зээлд нэвтрэх судалгаа хийж байсан эсэх талаар онцлон тодруулж, 2022 оны 3 дугаар сараас 5 дугаар сарын хооронд 20-30 хүртэлх тооны аж ахуйн нэгжүүдийг 2 хувааж, 2 өдрийн сургалт хийх боломжтой талаар мэдэгдсэний дагуу Монголын ноос, ноолуурын холбоо уг тусгай сургалтын товд саналаа хүргүүлэхээр болов