images

Энэ онд Монгол,Эстонийн хооронд дипломат парламент харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна

Мэдээ мэдээлэл

2021-05-13

143

 

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Эстонийн парламентын бүлгийн дарга Х.Ганхуяг өнөөдөр (2021.05.05) Бүгд Найрамдах Эстони Улсын 14 дүгээр парламентын гишүүн, парламент (Риигикогү) дахь Эстони-Монголын парламентын бүлгийн дарга Кайдо Хөөвелсон-той цахим уулзалт хийлээ.

Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Эстонийн парламентын бүлгийн гишүүн Х.Булгантуяа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Эстони Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар, Гадаад харилцааны яамны Европын газрын дэд захирал Б.Болормаа болон албаны бусад хүмүүс оролцов.

Эстонийн талаас Эстони Улсын парламентын гишүүн, Эстони Улсын парламент дахь Эстони-Монголын парламентын бүлгийн дэд дарга Свен Сестер, Эстони Улсын парламентын гишүүн, тус парламентын бүлгийн гишүүн Мати Райдма, Райво Тамм, Тармо Крузимяе нар оролцлоо.

Монгол, Эстонийн хооронд 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 30 жилийн ой тохиож байна.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Эстонийн парламентын бүлгийн дарга Х.Ганхуяг энэ онд хоёр улсын хувьд түүхэн ойн жил тохиож байгааг онцлов. Тэрбээр, хоёр улсын худалдаа, эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай. Ялангуяа бизнес эрхлэгчдийн харилцааг өргөжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглээд цар тахлын нөхцөл байдал сайжирмагц ноён Кайдо Хөөвелсон тэргүүтэй парламентын гишүүдийг Монгол Улсад айлчлахыг урив.

Мөн уулзалтаар талууд дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого шийдвэрүүдийн талаар ярилцаж, санал солилцлоо. Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал улс орнуудад сөрөг нөлөө үзүүлж байгаа боловч цахим засаглалыг хөгжүүлэх давуу талыг олгож байгаатай талууд санал нэгдэв. Бүгд Найрамдах Эстони Улс нь цахим засаглал, инновацын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч улс бөгөөд уулзалтын үеэр парламентын гишүүд Эстони Улсын сайн туршлагаас хуваалцав.

Монгол Улсын Их Хурлаас цахим парламент болох зорилтыг дэвшүүлж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хуулийн төсөлд санал авах цахим платформуудыг нэвтрүүлсэн. Мөн парламентад Инновац, цахим бодлогын байнгын хороог байгуулан ажиллаж байгаа бол Засгийн газраас E-Mongolia төслийг хэрэгжүүлж, 338 гаруй төрийн үйлчилгээг цахимаар хүргэж эхэлснийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан юм.

Эстони Улсын парламентын гишүүд E-Estonia цахим системийг эрүүл мэнд, боловсролын салбарт нэвтрүүлсэн туршлага болон цахим шилжилтийг зохицуулах хууль, эрх зүйн орчны талаар мэдээлэл солилцов.

Уулзалтаар талууд цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцсон бөгөөд хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.