ХҮҮХЭД БАГАЧУУДАД ЗОРИУЛСАН ҮНДСЭН ХУУЛЬ – 100 ЖИЛ ӨДӨРЛӨГ ШВЕД УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг тохиолдуулан Швед Улсад амьдарч буй монгол иргэдийн үүсгэл санаачилга, хэл, соёл, урлаг, спортын холбоод, төрийн бус байгууллагуудтай хамтран цуврал арга хэмжээ зохион байгуулж байна.
Энэ хүрээнд хүүхэд, багачууддаа зориулсан Үндсэн хуулийн өдөрлөг, Бид ирээдүйн их мастерууд өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг 12 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулав. “Үндсэн хуулийн өдөрлөг”-ийн үеэр нь Швед Улсад амьдарч байгаа Монголын ирээдүй хойч хүүхэд багачууддаа Монгол Улсын Үндсэн хууль, түүний ач холбогдлыг таниулах, Монгол хэл, соёлд суралцах, өвлүүлэн үлдээхийг чухлыг сурталчлах зорилго бүхий нээлттэй хичээлийг хүүхэд багачууд, эцэг эхийн дунд зохион байгуулав. Арга хэмжээний үеэр Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль баталсантай холбоотой түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, толилууллаа.
Түүнчлэн Улс тунхагласны баярыг тохиолдуулан Бид ирээдүйн их мастерууд өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг 10 дахь жилдээ зохион байгуулж, 3 насны ангиллаар 23 хүүхэд ур ухаанаа сорьсноос 6-8 насны ангилалд Ц.Жанцанноров, 9-12 насны ангилалд Э.Маргад , 13-16 насны ангилалд Ц.Баярсайхан нар түрүүлэв.
Арга хэмжээнд Швед Улсад амьдарч буй 100 гаруй хүүхэд багачууд эцэг эхийн хамт оролцон нэг өдрийг Монгол Улсынхаа түүх, соёлтой танилцахын зэрэгцээ оюун ухаанаа сорив.