images

БҮГД НАЙРАМДАХ УЛСЫГ ТУНХАГЛАЖ, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТАЛСНЫ 100 ЖИЛИЙН ОЙГ ШВЕД УЛСАД ТЭМДЭГЛЭВ.

Мэдээ мэдээлэл

2024-12-03

39

Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам Монголчууд олноор амьдарч буй Шведийн Хаант Улсад Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг тохиолдуулан монгол иргэддээ зориулан ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав.

 

            Швед Улсад 12 гаруй мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байгаагаас  өдгөө өөрсдийн холбогдох салбартаа амжилт гарган, олон мянган монгол иргэддээ үлгэр дууриал болж, олон зуун иргэдээ ажлын байраар хангаж байгаа бизнес эрхлэгчид, Швед Улсад үйл ажиллагаа явуулж буй хэл, соёл, урлаг, спортын төвүүд, холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөлөл бүхий 130 орчим иргэн, аж ахуйн нэгж оролцов.

 

            Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайд Ц.Мөнх-Өлзий арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ нэгэн зууны тэртээ анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэг гадаадын улс орнууд тэр дундаа Англи, Швед, Бельги, Норвеги, АНУ, ОХУ, Япон Улсын Үндсэн хуулийг орчуулан судалж байсныг дурдаад өдгөө Швед Улсад Монголчууд олон салбарт амжилттай, үр өгөөжтэй ажиллаж амьдарч байгааг онцлон тэмдэглэв.

 

            Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам 2009 онд байгуулагдаж, өдгөө 15 дахь жилдээ үйл ажиллгаагаа явуулж, монгол иргэддээ консулын үйлчилгээ, иргэний бүртгэлийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийг зорин ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 46 орчим мянган иргэн ЭСЯ-аараа үйлчлүүлжээ. 

 

                Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойн хүрээнд Элчин сайдын яам цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаагаас Үндэсний бөхийн барилдаан, Шагайн харвааны аварга шалгаруулах тэмцээнийг 11 дүгээр сарын 23-ны өдөр, Ёслол хүндэтгэлийн арга хэмжээг 11 дүгээр сарын 25-ны өдөр, хүүхэд, багачуудад зориулсан Үндсэн хуулийн өдөрлөг, Хүүхдийн Шатрын тэмцээнийг 12 дугаар сарын 1-ний өдөр тус тус зохион байгуулж, 12 дугаар сарын 7-ны өдөр Шагайн нумт харвааны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар ажиллаж байна.