ШВЕДИЙН ХААНТ УЛСЫН ПАРЛАМЕНТАД ШВЕД, МОНГОЛЫН БҮЛЭГ БАЙГУУЛАГДАВ
Шведийн Хаант Улсын парламент-Риксдагт Швед, Монголын Парламентын найрамдлын бүлэг (ШМНБ) 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор байгуулагдаж, Риксдагт суудалтай 8 намаас 6 намын төлөөлөл бүхий Швед, Монголын Парламентын бүлгийн даргаар Риксдагийн гишүүн Маркус Виечил, дэд даргаар Риксдагийн гишүүн Хоокан Свеннелинг сонгогдов.
Швед Улс нь Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өрөгжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдаг бөгөөд парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, парламентын бүлэг хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа бүлгийн дарга Маркус Виечэл хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайд Т.Жанабазар хэлсэн үгэндээ манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа жилд Шведийн Риксдагт парламентын бүлэг байгуулагдаж байгааг онцлоод, Парламент хоорондын харилцааг өргөжүүлэхэд ШМПНБ нь чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн тэрбээр хэдий Монгол Улс, Шведийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 60 жил болж буй ч, манай хоёр улсын хоорондын хэлхээ холбоо 400 гаруй жилийн түүхтэйг тэмдэглэв.
Бүлгийн нээлтийн ажиллагааны үеэр Монгол Улсын Их Хурал дахь Монгол, Шведийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Учралаас баярын захидал илгээснийг гардуулав.