Монгол Улсын Чингис Хаан музей, Швед Улсын Дэлхийн Соёлын музей хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулав
Монгол Улсын Чингис Хаан музей, Швед Улсын Дэлхийн соёлын музей хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт 4 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, Дэлхийн соёлын музейн Дэд захирал Карл Магнуссон нар гарын үсэг зурав.
Шведийн алдарт аялагч, судлаач Свен Хедин, угсаатны зүйч Ёста Монтелл болон бусад аялагч, судлаачдын 1927–1935 онд Монгол, Хятадын газар нутгаар аялахдаа цуглуулсан эд зүйлс өдгөө Дэлхийн соёлын музейн харьяа Угсаатны зүйн музей, Алс дорнодын эртний эдлэлийн музейд хадгалагдаж байгаа бөгөөд өдгөө эдгээр музейн байнгын үзэсгэлэнд цөөн тооны үзмэр нийтэд дэлгэгдсэн байдаг.
Энэхүү Санамж бичгийн хүрээнд Дэлхийн соёлын музейн харьяа музейнуудад хадгалагдаж байгаа монгол угсаатны өв, соёлтой холбогдох 2 000 гаруй эд зүйлийг бүртгэлжүүлэн баталгаажуулах, мэргэжилтэн солилцох, каталогичлох, хамтарсан судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.
Энэ үеэр Монголын төлөөлөгчид Угсаатны зүйн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Богд Зонхов зэрэг бурхад болон шашны зан үйлийн зарим үзмэртэй танилцав.