images

БАРИЛГА ХОТ, БАЙГУУЛАЛТЫН САЙД ШВЕД УЛСЫН ДЭД БҮТЭЦ, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САЙДТАЙ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2024-03-13

410

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Швед Улсын Дэд бүтэц, орон нутгийн хөгжлийн сайд Андреас Карлссонтой 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр уулзав.

 

            Уулзалтын үеэр хот төлөвлөлт, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийг шийдвэрлэхэд шведийн мэдлэг, туршлага, технологийг ашиглах, шведийн компани, төр, хувийн хэвшлийн түншлэлүүдийг татах, хамтран ажиллах талаар санал солилцов. Тухайлбал, Хархорин хотын хөгжлийн концептийг боловсруулах олон улсын нээлттэй тендерт Шведийн төр, хувийн хэвшлийн түншлэлийг оролцуулах, хот төлөвлөлт, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээ, судалгааны чиглэлээр SwedFund-тай хамтран ажиллах боломжийг судлах саналыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн тавив.


Монгол Улс, Швед Улс энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэж байгаа бөгөөд энэ хугацаанд бизнесийн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх үндэс суурь тавигдсан гэж үзэж байгааг Шведийн Дэд бүтэц, орон нутгийн хөгжлийн сайд А.Карлссон тэмдэглээд хамтын ажиллагааг ухаалаг, ногоон, тогтвортой хот төлөвлөлт, дахин төлөвлөлтийн чиглэлээр идэвхжүүлэх нөөц бололцоо байгааг онцлов. Швед Улс Team Sweden -ийн хүрээнд холбогдох сонирхсон компаниудын хамт Монгол Улс дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хамтын зорилтдоо хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.