БАРИЛГА ХОТ, БАЙГУУЛАЛТЫН САЙД ШВЕДИЙН КОМПАНИУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Швед Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй барилга, хэсэгчилсэн халаалтын технологийн чиглэлээр мэргэшсэн Шведийн томоохон компаниудын төлөөлөлтэй 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Стокхолм хотноо дугуй ширээний уулзалт хийв.
Энэхүү дугуй ширээний уулзалтад Бизнес Швед байгууллага, Шведийн эрчим хүчний агентлаг, SwedFund болон Монгол Улс болон Монгол Улстай цаг агаар, уур амьсгалын ойролцоо нөхцөлд хэсэгчилсэн халаалт, ногоон, ухаалаг, эрчим хүчний хэмнэлттэй барилгын чиглэлээр мэргэшсэн Sweco, Siemens Energy, AlfaLaval, Carbo seal, VI Flow Group, Arne Jensen компанийн удирдах болон ахлах албан тушаалтнууд оролцсоноор онцлог байв. Тухайлбал дулааны хоолойн засвар үйлчилгээг газар ухахгүйгээр гүйцэтгэх нягтаршуулсан полимерэн өнгөлгөөний Шведийн дэвшилтэт технологи, мөн хэд хэдэн төрлийн технологи, түлш ашиглан цахилгаан болон дулааны эрчим хүчнийг өндөр үр ашигтай үйлдвэрлэх технологийг Монголд нэвтрүүлэх өргөн боломжтойг талууд тэмдэглэв.
Бараа, үйлчилгээ төдийгүй эл чиглэлээрх шведийн туршлага, дэвшилтэт технологи, судалгааны төсөл, зөвлөх үйлчилгээ зэрэг чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа компаниудын төлөөлөл илэрхийлэв.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын барилгын салбарын нөхцөл байдал, сорилт, бэрхшээл, Засгийн газраас баримталж буй бодлогын талаар оролцогч компаниудад товч мэдээлэл хийж, цаг уурын ойролцоо нөхцөлтэй Швед Улсын ногоон, ухаалаг, эрчим хүчний хэмнэлттэй барилгын технологи, зөвлөх үйлчилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллахыг урив.