ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГ ШВЕДИЙН ХААНТ УЛСАД НЭЭГДЛЭЭ
Хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монгол иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх, шат дарааллыг хялбаршуулах хүрээнд Шведийн Хаант Улсын Стокхолм хотод Төрийн үйлчилгээний “ХурДан” цэгийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нээлээ.
Стокхолм дахь “ХурДан” цэгийг Монгол Улсаас Швед Улсад суугаа Элчин сайд Т.Жанабазар, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар нар албан ёсоор нээв.
“ХурДан” цэгийн үйл ажиллагааг эхлүүлснээр Монгол Улсын 35 байгууллагын 485 үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нэг дороос авах боломжтой болно. Үйлчилгээ авах иргэд Стокхолм хот дахь Элчин сайдын яаманд өөрийн биеэр ирж үйлчилгээ авах бөгөөд иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтаа заавал авч ирэх шаардлагагүй болж байна.
Түүнчлэн Төрсний бүртгэл, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, гэрлэсний бүртгэл, гэрлэсний бүртгэлгүй тухай зэрэг 11 төрлийн лавлагааг англи хэлээр авах боломжтой юм.