МОНГОЛ УЛС, НОРВЕГИЙН ХААНТ УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 55 ЖИЛИЙН ОЙГ ОСЛО ХОТНОО ТЭМДЭГЛЭВ
МОНГОЛ УЛС, НОРВЕГИЙН ХААНТ УЛСЫН ХООРОНД
ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 55 ЖИЛИЙН ОЙГ
ОСЛО ХОТНОО ТЭМДЭГЛЭВ
Монгол Улс, Норвегийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулан “Оскар Мамений дурсамж дахь Монголчууд” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын бага хурлыг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Осло хотноо зохион байгуулав. Энэ үеэр норвегийн аялагч Оскар Мамены XX зууны эхэн үед монголын нутгаар аялж, амьдарч байх хугацаандаа авсан гэрэл зураг, захидал, аяллын тэмдэглэл, эд өлгийн дээжээс үзэсгэлэн толилуулав.
Арга хэмжээнд Элчин сайд Т.Жанабазар, Норвегийн Гадаад хэргийн яамны Орлогч төрийн нарийн бичгийн дарга А. Брун болон Монголын ШУА-ийн ОУСХ-гийн судлаач доктор О.Батсайхан, Кэмбрижийн их сургуулийн доктор Жослин Даддинг, Норвегийн эрдэмтэн професор Мариа Татар, Ослогийн их сургуулийн докторын зэрэг хамгаалж буй судлаач Мариа Картвэйт, Японы професор Конагаяа Юки, Ватанабэ Мицүко зэрэг монгол судлаач эрдэмтэд, Норвег-Монголын нийгэмлэг, Норвег дахь монголчуудын төлөөлөл оролцов.
Энэ үеэр Элчин сайд Т.Жанабазар Оскар Мамений гэр бүлийнхэнтэй уулзаж монголчуудын түүх, соёлтой холбоотой чухал баримт цуглуулгыг олон жил гамтай хадгалж, улмаар Соёлын түүхийн музейд хандивлаж нийтийн хүртээл болгож буйд талархал илэрхийлэв.