images

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ФИНЛАНД УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 60 ЖИЛИЙН ОЙГ ХЕЛЬСИНКИ ХОТНОО ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

Мэдээ мэдээлэл

2023-09-21

454

Монгол Улс, Бүгд Найрамдах Финланд Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Элчин сайдын яамнаас Финландын дипломатч, нэрт эрдэмтэн, монгол судлаач Густаф Рамстедтийн Монгол орноор аялж, судалгаа шинжилгээ хийж байсан үеийг хамруулсан “XX зууны эхэн үеийн Монгол орон Рамстедтийн гэрэл зурагт” сэдэвт фото зургийн үзэсгэлэнг 9 дүгээр сарын 18-ны өдөр Хельсинки хотноо гаргаж, ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулав.

Тус арга хэмжээг Элчин сайд Т.Жанабазар нээж хэлсэн үгэндээ Бүгд Найрамдах Финланд Улс нь Нордикийн орнуудаас хамгийн анх Монгол Улстай дипломат харилцаа тогтоосныг онцлоод, өнгөрсөн 60 жилд эрх чөлөөний итгэл үнэмшил, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлтэй хоёр ард түмний харилцаа үргэлж найрсаг дотно явж, өндөр хэмжээний харилцан айлчлалууд хэрэгжиж, худалдаа, соёл боловсрол, геологи, ойн аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглэв. Түүнчлэн ирэх жилүүдэд энэхүү хамтын харилцааг шинэ түншлэлд хүргэж, харилцан ашигтай салбаруудад, тухайлбал, байгаль орчин, сэргээгдэх эрчим, ногоон шилжилт, инновацын чиглэлд хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.

Финландын Гадаад хэргийн яамны Америк болон Азийн газрын орлогч Ерөнхий захирал ноён Иуха Ниеми хэлсэн үгэндээ дипломат харилцааны 60 жилийн түүхэн ойг хоёр тал өндөр ач холбогдол өгч тэмдэглэж буйг дурдаад, Финланд, Монголын харилцаа нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлст тулгуурласан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хоёр болон олон талт хүрээнд ирж буй он жилүүдэд улам бүр тэлэн хөгжинө хэмээн итгэлтэй байна гэв. Мөн тэрбээр Финландын дипломатч, монголч эрдэмтэн Г.Рамстетдийн Монгол орноор аялж судалгаа хийсэн сэдвээр үзэсгэлэн гаргаж буйл талархал илэрхийлээд энэ үйл явц нь манай хоёр орны харилцааны түүхийн сайхан эхлэл болсон хэмээн онцлов.

Ойн арга хэмжээний үеэр монгол, финландын уран бүтээлчид морин хуурын тоглолт, хөөмий, исгэрээ, магтаал, ардын дуу зэрэг Монголын язгуур урлагийн богино тоглолтыг хүрэлцэн ирсэн зочдод толилуулав. Түүнчлэн “Монголд зочлох жил” хөтөлбөрийн талаар танилцуулж, энэ хүрээнд бэлтгэсэн сурталчилгааны 20 минутын видео контентыг үзүүлж, хэвлэмэл материалыг танилцуулж тараав.

Арга хэмжээнд Финландын Парламент, Гадаад хэргийн яам, Финландын Өвийн агентлаг, “Бизнес Финланд”, “Финпартнершип”-ын удирдлагууд, Дипломат корпусын төлөөлөл, Монгол, Финландын найрамдлын нийгэмлэгийн удирдлага, гишүүд, Хельсинкийн их сургуулийн төлөөлөл болон Финландад оршин суугаа монгол иргэд оролцов.