Бүгд найрамдах Эстони Улсын тухай

2024-10-07


Улс төрийн нөхцөл байдал:

Парламентын засаглалтай. Тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Рийгикогу  нь 101 гишүүн бүхий нэг танхимтай. Парламентын сонгууль пропорционал тогтолцоогоор 4 жилд нэг удаа явагддаг, сүүлд сонгууль 2023 онд болсон. Парламентын 2023 оны сонгуулиар Ерөнхий сайд Кая Калласын тэргүүлсэн эрх баригч Шинэчлэлийн нам 31.5 хувийн санал авч ялалт байгуулан, Эстони 200”, “Социал-демократ нам”-тай хамтран гурван намын Засгийн газрыг байгуулсан бол 2024 оны 7 дугаар сард Каяа Каллас Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгчөөр томилогдсонтой холбогдуулан Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Улмаар Эрх баригч Шинэчлэлийн намаас шинэ Ерөнхий сайдаар өмнөх Засгийн газарт Уур амьсгалын сайдаар ажиллаж байсан Кристен Михал-ыг нэр дэвшүүлж, 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Парламент чуулганаар шинэ Засгийн газрын гишүүд тангарагаа өргөсөн. Засгийн газрын бүрэлдэхүүнд урьдын адил эрх баригч “Шинэчлэлийн нам”, “Эстони 200” нам, “Социал демократ нам” 3 нам багтсан.

Эстонийн Ерөнхийлөгч – Алар Карис. Үндсэн хуульд заасны дагуу тус улсын Ерөнхийлөгчийг 5 жилийн хугацаагаар, 2-оос илүүгүй удаа парламетын гишүүд эсхүл сонгогчдийн коллегийн нууц санал хуралтаар сонгон томилдог. Үндсэн хуулиараа Ерөнхийлөгчийн эрхийг ихээхэн хязгаарлаж өгсөн байдаг. Эстонийн төрийн тэргүүн нь парламентын ээлжит болон ээлжит бус сонгуулийг товлон зарлах, Ерөнхий сайд болон Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах, Үндэсний батлан хамгаалах зөвлөлийн тэргүүлэх гадаад харилцаанд улсаа төлөөлөх, Засгийн газрын санал болгосноор ДТГ-уудын тэргүүнийг томилох, эгүүлэн татах, Төрийн шүүхийн саналаар шүүгч нарыг томилох, огцруулах, төв банкны ерөнхийлөгчийн томилох зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

Эдийн засаг

            ДНБ-ний хэмжээ – 37,7 тэрбум ам.доллар (2023 он). Нэг хүнд ноогдох ДНБ – 27 мянган ам.доллар. Эдийн засгийн бодит өсөлт 2023 онд -3.0 хувьтай байсан бол 2024 онд -0.5, 2025 онд 3.1 хувь байх төлөвтэй байна[1]. ДНБ-ний 70 орчим хувийг үйлчилгээний салбар, 25 хувийг аж үйлдвэрлэл, 5 хувийг хөдөө, аж ахуй, уул уурхайн салбар тус тус бүрдүүлдэг. Үйлчилгээний салбарт салбарт нийт ажиллах хүчний 60 гаруй хувь нь ажилладаг.

Худалдааны гол түнш орнууд – Финланд, Швед, Латв, Герман улс, АНУ, Хятад.            Гадаад худалдааны эргэлт 2023 онд 39 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 18 тэрбум евро, импорт 21 тэрбум байв.[2]

2023 онд Эстони улсын экспортын гол бүтээгдэхүүн нь суудлын автомашин (899 сая евро), харилцаа холбоо, холбооны хэрэгсэл (883 сая евро), цахилгаан эрчим хүч (433 сая евро), угсармал барилга байгууламж (429 сая евро) болон боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүн (417 сая евро) байв. Импортын гол бараа, бүтээгдэхүүн -  суудлын автомашин (1.58 тэрбум евро), боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүн (961 сая евро), эрчим хүч (741 сая евро), харилцаа холбооны хэрэгсэл (711 сая евро), эм, эмийн бүтээгдэхүүн (597 сая евро) байжээ.

Уул уурхай, хөдөө аж ахуйн салбарууд ДНБ-ий ердөө 1 хувийг тус бүр бүрдүүлдэг. Уул уурхайн хувьд гол төлөв шатдаг занар, шохойн чулуу, элс, хайрга зэрэг үйлдвэрийн ашигт малтмал олборлодог. Аж үйлдвэрийн тэргүүлэх салбарууд нь химийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, целлюлоз цаас, мод модны аж ахуйн юм.

1990-ээд оны дундуур хэрэгжүүлж эхлүүлсэн Tiigrihüpe төслийн үр дүнд мэдээллийн технологийн (IT) салбарыг эрчимтэй хөгжүүлж чадсан төдийгүй, цахим засаглалын хувьд Европ дахь хамгийн дэвшилтэт улс болж, эдийн засгийн тэргүүлэх салбараа болгосон. Эстони Улс 1991 онд ЗХУ задрахад тусгаар тогтнолоо сэргээж, Ерөнхий сайд Март Лаар-ын удирдсан Засгийн газар нь Москвагаас хараат хүнд үйлдвэрлэл давамгайлсан дэд бүтэц, түүнийг дагасан оросын иргэдийн цагаачлалыг хумих шаардлага, бас байгалийн баялгийн нөөц бага зэрэг нөхцлийг харгалзан технологийн дэвшилд суурилсан хөгжлийн бодлого хэрэгжүүлэх болсон нь тус улсын цахим засаглалын өнөөгийн хөгжпийн үндсийг тавьсан.  Өнөөдөр тус улс цахим засаглалын хөгжлөөрөө олон улсад тэргүүлж, төрийн бүх үйлчилгээг цахимаар хүргэж байна. Нийт иргэдийнх нь 44% гаруй нь сонгуулиа цахимаар өгч, 97% хувь нь татвараа цахимаар мэдүүлж, 98% нь банкны бүх үйлчилгээг цахимаар авч байна. Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэнээр НӨАТ-ын мэдүүлэг бөглөхөд 68 минут зарцуулдаг байсан нь 7 минут, татварын тайланг 78 минут боловсруулдаг байсан нь 10 минут болох зэргээр иргэд, төрийн байгууллагын үргүй хөдөлмөр, цаг зарцуулалтыг багасгаж, хүнд суртлыг арилгахад чухал хувь нэмэр оруулсан байна.

Гадаад бодлого

Эстони улс 2004 онд Европын Холбоо болон НАТО-гийн гишүүн улс болсон. Гадаад бодлогын хувьд Эстони үндэстэн, түүний хэл, соёлыг хадгалан хамгаалах, олон улсын харилцаанд Эстони улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хангах, Эстони улсын сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх, гадаадад амьдарч буй эстончуудын эрх ашгийг хамгаалах гэсэн ерөнхий зорилтуудыг дэвшүүлсэн байдаг[3]. Эдгээр зорилтын хүрээнд гадаадын улс орнуудтай хамтран аюулгүй байдлын орон зай, түншлэлийн харилцаагаа өргөжүүлэх, ЕХ-г бэхжүүлэх, түүний аюулгүй байдал, батлан хамгаалах болон гадаад бодлогыг үг дүнтэй хэрэгжүүлэх,  НАТО-г чадавхжүүлах, АНУ-тай түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг зорилтыг тавьж ажиллаж байна.

Эстони улс нь скандинавын орнууд, ялангуяа Финланд, Шведтэй нягт харилцаатай, энэ нь Эстони улсын гадаад бодлогын чиг баримжааг өөрчлөн тодорхойлох чухал үндэслэл болсон гэж үздэг. Эстоничууд Дани болон зарим талаар Финлянд, Шведтэй түүхэн харилцаандаа үндэслэн өөрсдийгөө Балтnaн биш, Скандинавчууд гэж үздэг онцлогтой. Энэ утгаараа Нордикийн орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, Нордик зөвлөл болон харъяа байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахыг зорьдог.

НАТО болон Европын холбоон дахь гишүүнчлэлүүд нь тус улсын гадаад болон аюулгүй байдлын бодлогын үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэх тулгуур, баталгаа болдог гэж үздэг. Нөгөөтээгээр тус улсын энэхүү бодлого, АНУ, НАТО-тай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, мөн сүүлд Украины эсрэг Оросын түрэмгийлэл Эстони-Оросын харилцаа улам доройтох үндэслэл болсон. Орос, Украины дайн эхэлсэнтэй холбогдуулан Эстонийн Засгийн газрын зүгээс Украинд цэрэг, техникийн идэвхтэй дэмжлэг, туслалцаа үзүүлсээр байгаа бөгөөд цаашид ч тус улсад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэх, Оросын эсрэг эдийн засгийн болон бусад хориг арга хэмжээг чангатгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Орос, Украины дайн эхэлснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд эстонийн талаас Украинд нийт 240 сая еврогийн цэргийн тусламж, 20 орчим еврогийн хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлээд байна.