Эстони Улс хилийн чанад дахь иргэддээ зориулан бүтээсэн цахим талбарын тухай

2024-10-07


Эстони Улс хилийн чанадад амьдарч буй 165.000-200.000 орчим иргэдээ нэгдсэн мэдээ мэдээллээр хангах, хоорондоо хэлхээ холбоо тогтоож, мэдээлэл туршлага солилцох болон өөрийн эзэмшсэн мэдлэг туршлага, санал санаачилгаараа эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахад нь дэмжлэг үзүүлэх, эргэх холбоотой хамтран ажиллах орчныг бүрдүүлэх зорилгоор “Global Estonian” нэгдсэн мэдээллийн албан ёсны цахим талбарыг ажиллуулдаг  байна.

Цахим талбарыг Эстонийн Соёлын яамны дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг  “Интеграцийн сан”-гаас санаачлан бүтээсэн бөгөөд гадаадын улс орнуудад амьдарч буй эстони иргэд болон Эстони Улсад амьдрах, бизнес эрхлэх, хөрөнгө оруулах сонирхолтой хэн бүхэнд нээлттэй юм байна.

 “Global Estonian Business Network” сүлжээ

Эстонийн Гадаад хэргийн яамнаас санаачилгаар “Global Estonian” нэгдсэн мэдээллийн цахим талбарын хүрээнд гадаадад амьдарч буй эстонийн бизнес эрхлэгчдийг нэгтгэх, тэдэнтэй харилцаа холбоо тогтоож, эх орондоо хөрөнгө оруулалт хийх, экспорт, эдийн засагт хувь нэмрээ оруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Global Estonian Business Network” сүлжээг энэ оны 5 дугаар сард шинээр байгуулжээ. Гадаадын улсуудад амьдарч буй эстони иргэд, бизнес эрхлэгчид энэхүү сүлжээнд бүртгүүлснээр дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй бусад бизнес эрхлэгч эстоничуудтай хэлхээ холбоо тогтоох, өөрийн бизнесийг танилцуулах, өөрийн амьдарч буй болон өөр улс орнууд дахь эстони эзэнтэй дэлгүүр, бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг олох, бизнесийн боломж, туршлагуудаас хуваалцах, харилцан суралцах боломжтой болох юм.

“Global Estonian” болон “Global Estonian Business Network” сүлжээний  хүрээнд зохион байгуулдаг зарим арга хэмжээнүүд

  • Хилийн чанад дахь эстони иргэд, тэдгээрийн хүүхдүүдэд зориулсан эстони хэлний цахим болон бусад төрлийн сургалтуудыг Эстонийн Боловсрол судалгааны яамны дэмжлэгтэйгээр тогтмол зохион байгуулдаг.
  • Эстонийн Засгийн газар, яамд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас зохион байгуулж буй арга хэмжээ, санаачлагуудын талаарх албан ёсны мэдээ, мэдээллийг тогтмол нийтэлдэг.
  • Хилийн чанад дахь хүүхэд, залуусын оролцоог хангах, тэднийг дэмжин хамтран ажиллах зорилготой “Global Estonian Youth” залуучуудын цахим уулзалтыг жил бүр зохион байгуулдаг.
  • Хилийн чанад дахь эстони иргэдэддээ хандсан эх орондоо буцаж очих, ажиллах, бизнес эрхлэх боломж, дэмжлэгийн талаарх зөвлөгөө, мэдээллээр хангадаг.
  • Хилийн чанадад бизнес эрхэлж буй эстони иргэдийн нэгдсэн сүлжээг байгуулж, мэдээ мэдээллээр хангах, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, эх орондоо хөрөнгө оруулахад дэмжсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

Энэхүү цахим талбар нь Эстонийн төр засгаас хилийн чанад дахь иргэд, бизнесүүдийг дэмжих, хамтран ажиллах чиглэлээр явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаарх албан ёсны мэдээллийг хилийн чанад дахь иргэддээ шуурхай хүргэх, хилийн чанад дахь иргэдийн нэгдэл, холбоодтой илүү нягт хамтран ажиллах, Иргэн-Иргэний нийгэм-Төр засгийн хооронд эргэх холбоотой харилцаа, хамтын ажиллагааг бий болгох нөхцлийг бүрдүүлсэн энгийн, хэрэглэхэд хялбар, хямд төсөр шийдэл болсноороо давуу талтай аж.
“Global Estonian” болон “Global Estonian Business Network” сүлжээний  талаас дараахь холбоосоор орж үзэх боломжтой. Үүнд: https://globalestonian.com/en

Дээрх чиглэлээрх санал хүсэлт явуулах хаяг: [email protected]