Эстонийн E-Residency-гийн тухай

2024-10-07


Эстонид төрийн үйлчилгээний 99%, банкны үйлчилгээний 99.6% нь цахимжсан, иргэдийн 96.0% нь орлогоо цахимаар мэдүүлдэг, нэг хүнд ногдох гарааны бизнесийн тоогоор болон “дижитал эдийн засаг ба нийгэм индекс”-ээр ЕХ-г тэргүүлдэг, татварын өрсөлдөх чадвараар ЭЗХАХБ-ын 38 орныг манлайлж байна. Ер нь Эстони Улс гэхээсээ е-Эстони гэж дуудах болжээ.

Нэг хэсэг хугацаанд Эстонийн бизнесийхэн ЕХ-ны давуу талыг ашиглан илүү боломжтой газар луу нүүдэллэх болсноор инженер техникчдээ  мэдлэгтэй нь хамт “алдах” эрсдэл тулгарсан байна. Иймд цахим хөгжлийн давуу талаа ашиглан “e-Residency” буюу “Цахим оршин суугч” гэсэн хөтөлбөр гаргасан нь энэхүү эрсдлийн эсрэг авсан арга хэмжээнүүдийн нэг гэдэг.

Энэ хөтөлбөрөөр Эстони нь гадаадын иргэд/хуулийн этгээд энэ улсад компаниа 100% онлайнаар бүртгүүлж, хил хязгаарын саадгүйгээр дэлхийн аль ч өнцөгөөс бизнесээ эрхлэх боломжийг олгосон анхны орон болсон.

2014 оны 12 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн энэ цахим талбарт өнөөдрийн байдлаар 170 гаруй орны 80,000 гаруй гадаадын иргэд цахим оршин суугч(тухайн компанийн хувьцаа эзэмшигч нар “цахим оршин суугч болдог)-аар бүртгэгдэж, 16,000 гаруй компанийг Эстонид үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниуд нь мэдээллийн технологи, маркетинг, цахим худалдаа, бизнесийн зөвлөгөө, хэвлэлийн бизнес, худалдаа, вэб дизайн, сэтгүүл зүй, зохиол туурвил гээд олон салбарт бизнес эрхэлж байна.

Алсаас “нүүдлийн бизнесээ” Эстонид эрхлэхийн тулд эхлээд “цахим оршин суугч” болох бөгөөд бүртгэл нь хялбар, түргэн ажээ. Үүнд: 

“Цахим оршин суугч” болох: Өөрийн паспорт, зургаа скандэж, онлайн мэдүүлгээ бөглөөд, эрхлэх бизнесийн товч мэдээллийн хамт Эстони руу илгээнэ. Бүртгэлийн үнэ 100-120 евро. Мэдүүлгийг хянаад зөвшөөрсөн тохиолдолд 5 жилийн хүчинтэй цахим смарт карт олгосноор цахим оршин суугч болно. Энэ дижитал карт нь Эстонид амьдран суух хийгээд зорчих эрхийг орлохгүй. Харин компаниа байгуулах, банктай харьцах, төлбөр тооцоогоо хийх, татвараа төлөх, гарын үсэг зурж баталгаажуулах зэрэгт энэ картыг ашиглана.

Компаниа байгуулах: Цахим оршин суугч болсны дараа эстонийн талаас санал болгож буй зах зээлийн талбар(Marketplace)-аас харилцагч(итгэмжилсэн төлөөлөл)-аа сонгоно. Үнэ хөлс нь зарим тохиолдолд нягтлан бодох бүртгэлээ оруулаад сардаа 30-150 евро болдог аж. Дараа нь е-Бизнес Бүртгэл(e-Business Registry)-д компани бүртгүүлэхэд 190 евро. Үүний дараа бизнесийн болон хувийн зорилгод ашиглах харилцах банкаа сонгоод “цахим оршин суугч” бизнесийн глобал сүлжээнд холбогдон гишүүн болсноор бизнес эхэлнэ. Компанийн е-бүртгэл нь Эстони иргэд өөрсдөө компани шинээр байгуулж бүртгүүлдэгтэй нэгэн адил гэнэ. Цахим оршин суугч нь Эстонийн засгийн газрын бүхий л цахим үйлчилгээг үнэгүй ашиглах эрхтэй. 

Компаниа нээхэд 2500 еврогоос доошгүй хөрөнгө байршуулна. Хэрэв таны компанийн ашиг энд эрхэлж буй бизнестээ эргэж хөрөнгө оруулалт болох, эсхүл компанидаа үлдэж буй бол корпорат татвар төлөхгүй.

Гэхдээ энэ хөтөлбөр нь бас өөрийн гэсэн сул талтай, тухайлбал бизнес эрхлэгчид давхар татвар төлөх, бизнесийн аюулгүй байдал эрсдэл орох, бизнесийн хуурамч үйлдэл гарах боломжтой аж. Иймд Эстони ньцахим талбараа улам сайжруулах зорилгоор  “e-Residency 2.0” хувилбарыг боловсруулж байгаа ажээ.  

Энэ цахим талбар нь Эстонид шууд орох орлогыг нэмэгдүүлж, ажлын байр шинээр бий болгон, бизнесийн орчинг тэлж, татвар төлөгчдөд нь нэн чухал хөрөнгө оруулалтыг авчрахын сацуу бизнесийг глобал орон зайд өмнө байгаагүй өргөн цар хүрээнд явуулах боломжийг олгосон гэж эстоничууд үзэж байна.

Нэг чухал онцлог нь Эстонид дижитал бизнес эрхлэхийг хүсэгчид нь аль газрын, аль хэр бэл бэнчинтэй хүн вэ? гэдгийг нь огт харгалзахгүй, бүгд ижил шалгуураар орж, амжилт олох адил боломж нөхцлөөр хангагдаж буй нь харагдаж байна.  Мөн гадаад, дотоодын банкны үйлчилгээ болон PayPal гэх мэт мөнгөн гуйвуулгын хүртээмж хязгаарлагдмал орнууд дахь инновац, шинэлэг технологийг сэдэж сэтгэгчид Эстонийн цахим оршин суугч болсноор бизнесийн боломж нь эрс нэмэгдэж, энэ улсаар дамжин ЕХ-нд чөлөөтэй ажиллах гарцыг олжээ. Энэ овжин санаа нь  Эстонийн дижитал зах зээлийг улам өргөжүүлж, шинэ мэдлэг, инновацийг нутагшуулахад тун чухал байж таарна.         
Энэ хөтөлбөрийн өөр нэг давуу тал нь гадаад ертөнцөд Эстонийн түүх, хэл соёл, бизнесийн таатай орчинг сурталчлан таниулж, аялан ирэгсдийг нэмэгдүүлэх замаар зөөлөн хүчний үүрэг гүйцэтгэж, ингснээр энэ ард түмний өөрийн итгэл үнэмшил,бахархалыг улам төрүүлж байгаа гэжээ.

“Дэлхий дахины цар тахлын үед хил дамнан аялах, ажиллах, бизнес эрхлэх боломж хумигдаж буй ч засгийн газрууд, бизнесийнхэн болон чөлөөт уран бүтээлчдийн дунд дижитал ажил хэрэг ундарч байна. Хүмүүс нэг орон зайд уягдан ажиллаж амьдрах нь улам бүр багасч, байршлаас үл хамаарсан дижитал орон зайн хэрэгцээ нэмэгдэх болов. Дэлхийд анхны дижитал шилжилт хийсэн орон-Эстони нь цахим оршин суугчийн хөтөлбөрөөр улам олон бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, бүтээлч хүмүүс ирэхийг урьж байна” гэж Эстонийн Ерөнхийлөгч Кершти Калжюлайд уриалсан байна. Эстони нь энэ хөтөлбөрөө ихээхэн сурталчилж “магтдаг” бөгөөд, тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Поп лам Фрэнсис зэрэг өндөр албаны хийгээд нэр хүндтэй хүмүүст цахим оршин суугч үнэмэлэх гардуулж өгсөн байдаг.

Манай цахим оршин суугчид бидний хоолыг огт зооглохгүй хэдий ч байнга л мөнгө оруулж байдаг хэмээн эстоничууд ярьдаг нь үнэн юм.

Бизнес эрхлэлтийн тогтсон өнөөгийн хэв маяг, бизнес сэтгэлгээнд эрс өөрчлөлт авчирсан Эстонийн энэхүү хөтөлбөрийн араас Азербайжан, Литва, Украйн өөрийн гэсэн хөтөлбөрөө гаргаж буй бол  Бразил, Тайланд, Өмнөд Африк, Португал, Сингапур, Эмират зэрэг улс ч ийм хөтөлбөртэй болохоор ажиллаж байгаа ажээ. Гэхдээ өнгөрсөн 7 жилийн туршид эстонийн хэмжээнд хүрч амжилт олсон улс гараагүй байна. Энэ нь Эстонийн техникийн бааз суурь сайн, бас эдийн засгийн “авсаархан” бүтэцтэй тодорхой хэмжээнд холбоотой байж болох юм.

Дижитал орон зай үүсгэн бусдын бизнесийн сонирхлыг ихэд татаж буй Эстонийн энэ туршлагыг олон орон судлах болжээ.