Шведийн Хаант Улсын тухай
2024-10-01
Улс төрийн нөхцөл байдал:
Шведийн Хаант Улс нь ардчилсан парламент бүхий үндсэн хуульт хаант засаглалтай. Төрийн тэргүүн буюу Хаан /Карл XVI Густаф/ нь Шведийн Хаан нь Үндсэн хуулиар заасан хүрээнд тус улсын ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг байж, албан ёсны болон ёслолын үүрэг гүйцэтгэдэг. Угсаа залгамжлагч Гүнж Виктория (1977 оны 7-р сарын 14-нд төрсөн)
Риксдагийн 349 гишүүнийг Бүх нийтийн сонгуулиар 4 жилийн хугацаатай сонгоно. Швед Улсын Бүх нийтийн ээлжит сонгууль 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр болж, 6 578 тойргийн санал хураалтаар 2022 – 2026 оны Риксдагт 8 намын төлөөлөл сонгогдсон. Зүүний намууд болох Социал демократ Нам 107 (30.3%), Зүүний нам 24 (6.7%), Центр Нам 24 (6.7%), Ногоон Нам 18 (5.1%) нийт 173 суудал авсан бол Барууны намууд болох Шведийн ардчилсан нам 72 (20.5%), Модерат (Консерватив) Нам 68 (19.1%), Христийн ардчилсан нам 19 (5.3%), Либерал нам 16 (4.6%) нийт 175 суудал авч Барууны намууд ялсан.
Риксдаг 1 дарга, 3 дэд даргатай бөгөөд дарга, дэд дарга нарыг Риксдагийн гишүүдээс нууц санал хураалтаар сонгодог. Риксдагийн даргаар 2018 – 2022 онд Риксдагийн даргын албыг хашиж байсан Андреас Норлен дийлэнх олонхийн саналаар улиран сонгогдсон. Тэргүүн дэд даргаар Кэннэт Г.Форшлунд (Социал Демократ Нам), дэд даргаар Юля Кронлид (Шведийн Ардчилсан Нам), Керстин Лүндгрен (Централ Нам) тус тус сонгогдсон.
Ерөнхий сайд – Өлф Кристершон. Модерат Намын дарга бөгөөд 2022 оны сонгуулийн дүнгээр эвслийн Засгийн газрыг тэргүүлэхээр 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр томилогдсон. Түүний Засгийн газар 10 яам, 23 сайдтайгаас 10 нь эмэгтэй, 13 нь эрэгтэй. Риксдагт Ерөнхий сайдад нэр дэвшигчийг парламентын гишүүд/349/-ийн олонх нь буюу 175-аас цөөнгүй нь эсрэг санал өгөөгүй бол томилогдсонд тооцдог онцлогтой. Хамгийн олон суудал авсан нам дангаар эрх барьдаггүй.
Тухайлбал, 2022 оны сонгуулиар Социал демократ нам 30.3 хувь буюу хамгийн олон санал авсан ч Барууны үзэлтэй намуудын нийт санал Зүүний үзэлтэй намуудын саналаас илүү тул Модерат Нам, Шведийн демократ нам, Либерал нам, Христийн демократ нам хамтран эвслийн Засгийн газар байгуулсан. Чингэхдээ эдгээр намаас хамгийн олон санал авсан Шведийн демократ намаас Засгийн газрын гишүүн томилоогүй.
Эдийн засгийн байдал:
ДНБ-ний хэмжээ – 575 тэрбум ам.доллар (2023 он). Нэг хүнд ноогдох ДНБ – 54.2 мянган ам.доллар. Эдийн засгийн бодит өсөлт 2023 онд -0.1 хувьтай байсан бол 2024 онд 2.1 хувь, 2025 онд 2.3 хүрэх төлөвтэй байна.[1] Инфляцын түвшин 2024 оны эхний хагас жилийн байдлаар 2.0 хувьтай байна.
Швед Улс төрөлжсөн, өрсөлдөх чадвар бүхий, экспортод чиглэсэн эдийн засагтай. Эдийн засгийн тэргүүлэх салбарууд уул уурхайн аж үйлдвэрлэл, машин механизм, тоног төхөөрөмж, эрчим хүч, харилцаа холбоо, цахилгаан бараа, мод, модон бүтээгдэхүүн, төмрийн хүдрийн олборлолт. Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ний 4 хүрэхгүй хувийг эзэлдэг.
2024 оны эхний хагас жилийн байдлаар гадаад худалдааны нийт эргэлт 332.2 тэрбум швед крон байснаас импорт 161.9 тэрбум швед крон, экспорт 170.3 тэрбум швед крон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад импорт 7.5 хувиар, экспорт 4.5 хувиар тус тус буурсан үзүүлэлт байна.
Экспортын гол түншүүд: ХБНГУ 89.9 тэрбум швед крон -10 хувь, Норвеги 84.5 тэрбум швед крон 9.5 хувь, АНУ 82.8 тэрбум швед крон – 9.4 хувь, Финланд 60.3 тэрбум швед крон – 6.8 хувь, Дани 57.5 тэрбум швед крон – 6.5 хувь. Импортын гол түншүүд: ХБНГУ 137.2 тэрбум швед крон – 16.3 хувь, Нидерланд 90.3 тэрбум швед крон – 10.8 хувь, Норвеги 87.5 тэрбум швед крон – 10.4 хувь, Дани 54.5 тэрбум швед крон 6.5 хувь Бельги 40.7 тэрбум швед крон 4.8 хувь.
Нийт экспортын 54.6 хувийг Европын Холбооны гишүүн орнуудад, 18 хувийг Европын бусад орнуудтай, 11.3 хувийг Азийн орнуудтай [2]
Монгол 2024 оны эхний хагас жилийн байдлаар 160 сая экспорт, 2 сая импорт – 26 хувиар нэмэгдсэн, Өмнөх оны мөн үед 127 сая экспорт, 3 сая импорт – 33 хувиар буурсан.
Ажилгүйдлийн түвшин 2023 онд 7.7 хувь байсан бол 2024 оны эхний хагас жилийн байдлаар 8.4 хувь болж өссөн байна.
Эрчим хүч: Швед Улс 6 цөмийн реактортой бөгөөд нийт эрчим хүчний 30 хувийг нийлүүлдэг. 1999, 2005 онд тус бүр 1 р цөмийн еактор, 2017 онд 2 цөмийн реактор, 2019 онд 4 цөмийн реактор, 2020 онд 1 цөмийн реакторыг ашиглалтаас хассан. Одоо ашиглаж байгаа 6 цөмийн реакторыг 2040 он хүртэл ашиглах аж.
Жилд 173 ТВт эрчим хүч үйлдвэрлэдэгээс 41 хувийг усан цахилгаан станц, 30 хувийг цөмийн реактор, 19 хувийг салхины эрчим хүч, 8 хувийг био түлш, үлдсэн үлдсэн 32 хувийг нар, нүүрс, газрын тос, байгалийн хийгээс гаргадаг. Үүнээс нийт хэрэглээ нь 124 ТВт.
Швед Улс 2040 он гэхэд эрчим хүчээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчнээс гаргах бодлогоо 2040 он гэхэд малтмал түлшний хамаарлаас гарах болгосноо Засгийн газар нь 2023 оны 6 сард зарласан. Энэ хүрээнд 2035 он гэхэд 10 шинэ цөмийн реактортой тэнцэх хэмжээний 2 том цөмийн реактор шинээр барихаа 2023 оны 11 дүгээр сард мөн зарласан.
Хөдөө аж ахуй: өндөр хөгжсөн бөгөөд 2023 оны тоон мэдээллээр эл салбарт нийт ажиллах хүчний 1.5% нь ажиллаж байжээ.
2023 онд нийт 2.9 сая га талбай буюу нийт газар нутгийн 7 гаруй хувьд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлсэн байх бөгөөд энэ нь түүхэндээ хамгийн бага үзүүлэлт байв. Үүнээс нь 85 хувь буюу 2.5 сая га талбайг газар тариаланд, 15 хувь буюу 0.4 сая га талбайг бэлчээр болон тэжээлийн тариалалт байв.
Нийт 1 сая га талбайд үр тариа тариалснаас 515 100 га-д нь улаан буудай, 274 400 га-д арвай, 149 200 га-д овъёос тариалсан байна. Түүнчлэн 122 600 га-д рапс болон шар манжин тариалсан байна.
Аж үйлдвэрийн салбарт усан онгоц, автомашин, электрон бараа, тоног төхөөрөмж, химийн үйлдвэр голлох үүрэгтэй. ААВ, Эрикссон, Вольво, Сааб-Сканиа, Астра энд Каби-Фармасиа зэрэг дэлхийд тэргүүлэх компаниудтай. Аж үйлдвэр нь тус улсын экспортод голлох үүрэг гүйцэтгэдэг.
Гадаад бодлого
Швед Улс нь энхийн цагт эвсэл, бүлэглэлд үл нэгдэх, дайны үед төвийг сахих бодлого явуулж ирснээрээ онцлогтой. Цөмийн зэвсгийг устгах, үй олноор хөнөөх зэвсгийг хязгаарлах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирснээс гадна химийн зэвсгийг хориглох конвенцийг дэмжсэн анхны орнуудын нэг. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны бага хурал, Европын Зөвлөлийн хүрээнд ардчиллыг бэхжүүлэх, тивийн болон бүх нийтийн аюулгүй байдлыг бататгахад идэвхтэй оролцож ирсэн. 1995 онд Европын Холбоонд нэгдсэн. Швед нь Европын холбооны гишүүн болсноороо ЕХ-ны шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцож, Европын интеграцыг цаашид бэхжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмэр, нөлөөгөө улам ахиулах боломжтой болсон.
ОХУ Украин Улс руу 2022 онд халдсан асуудлаас үүдэн үүдэн гадаад болон аюулгүй байдлын бодлогодоо эрс өөрчлөлт хийж, Умард Алтантын гэрээний байгууллага /НАТО/-д бүрэн эрхт гишүүнээр элсэх шийдвэрийг Финланд Улстай зэрэгцэн гаргаснаар 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдөр НАТО-ын бүрэн эрхт гишүүн болсон.
НYБ-ын үйл ажиллагааг дэмжих явдал Шведийн гадаад бодлогын гол чиглэлийн нэг. Швед Улс 1957-1958, 1975-1976, 1997-1998, 2017-2018 онуудад НYБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн байсан.
2001 оны 4 дүгээр сард Шенгений хэлэлцээрт нэгдэн орсон. ЕХ-ны нэгдсэн евро буюу мөнгөн тэмдэгтийг нэвтрүүлэх 3 дугаар үе шатны хэлэлцээрт нэгдэх асуудлаар 2003 оны 9 дүгээр сарын 14-нд бүх нийтийн санал асуулга болсон боловч дэмжигдээгүйгээс “Швед крон” үндэсний мөнгөн тэмдэгт хэвээрээ үлдсэн.
[1] https://economy-finance.ec.europa.eu/economic-surveillance-eu-economies/sweden/economic-forecast-sweden_en
[2] https://www.scb.se/en/finding-statistics/statistics-by-subject-area/trade-in-goods-and-services/foreign-trade/foreign-trade---exports-and-imports-of-goods/pong/tables-and-graphs/exports-and-imports-of-goods-by-countries/