Нордикийн хөрөнгө оруулалтын сангуудын тухай

2024-09-05


Нордикийн хөрөнгө оруулалтын сангуудын тухай,

хөрөнгө оруулалт татахад хэрэгцээтэй мэдээлэл

 

Нордикийн орнууд нь хөгжиж буй орнуудын хөдөө ах ахуй, ногоон аж үйлдвэр, сэргээгдэх эрчим хүч, инновацын салбарт хөрөнгө оруулах санхүүгийн нөөц бололцоо ихтэй, сонирхол өндөртэй. Монгол Улсад хөрөнгө оруулалт татах чиглэлээр суугаа болон хавсран суугаа орны хөрөнгө оруулалтын сангуудын төлөөлөгчидтэй уулзалт хийх, тохиролцооны үед хэрэглэж болох юм хэмээн энэхүү мэдээллийг бэлтгэв.

 

Нордик хөрөнгө оруулалтын салбарын товч түүх

 

Швед, Норвег, Дани, Финланд Улсуудын засгийн газар 1950-1980 оноос эхлэн африк, ази, өмнөд америкийн хөгжиж буй орнуудад хоёр талын болон олон талт хэлэлцээр (Дэлхийн банк, НҮБ)-ээр дамжуулан колончлол, хувьсгалын дараах хөгжилд санхүүгийн тусламж үзүүлж эхэлсэн. Энэ үеэс эхлэн нийгмийн халамж, байгаль орчин зэрэг тогтвортой хөгжлийн хүчин зүйлсийг санхүүгийн шийдвэр гаргалтад авч үзэж эхэлсэн байдаг. 1980-2000 онд хөгжлийн санхүүжилтийн дараах институуцууд үүсгэн байгуулагджээ:

  • Шведфанд – (1979, Швед Улс)
  • Норфанд – (1997, Норвег Улс)
  • IFU (Данийн хөгжиж буй орнуудын хөрөнгө оруулалтын сан) – (1967, Дани Улс)
  • Финнфанд – (1980, Финланд Улс)

1990-2000 онд Нордикийн хувийн хэвшлийн корпорацууд хөгжиж буй орнуудын эрчим хүч, харилцаа холбоо, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байдаг. Мөн Норвегийн баялгийн сан (GPFG)[1] өгөөжөө нэмэгдүүлэх зорилгоор хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулж эхэлсэн. Гэхдээ хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргахдаа санхүүгийн өгөөж, ёс зүйг хоёрыг голлон авч үзэж байв.

Нордикийн хөрөнгө оруулагчид өнөө үед африк, энэтхэг, вьетнам, хятад, латин америкийн орнууд зэрэг хурдтай хөгжиж буй зах зээлд сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, финтек, мэдээлэл технологийн салбарт голлон хөрөнгө оруулалтуудыг хийж байна. Нордик-Балтик бүс нутгийн хувьд Нордик хөгжлийн банк (NIB) нь эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг дэмжихээс гадна төр хувийн хэвшлийн түншлэл (PPP)-ийн хэлбэрийн төслүүд ихээхэн санхүүжүүлэх болсон.

Нордик бүс нутгийн хөрөнгө оруулалтын орчин нь засгийн газрын санаачилгаар хийгдэж буй зээл тусламжаар үүсэж хөгжсөн бол өдгөө олон улсад тогтвортой(ESG)[2] ногоон санхүүжилтээр тэргүүлэх хөрөнгө оруулалтын институцууд болж өргөжсөн. Бүдүүвчилсэн тооцоогоор жил бүр швед 2-5, норвег 3-7, дани 2-4, финланд 1-2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хөгжиж буй орнуудын зах зээлд оруулж байна (төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сангууд бүгд орсон).

 

Монгол Улсад хөрөнгө оруулах эрсдэл өгөөж (Risk to Return ratio)

Монгол Улс бусад тогтвортой хөгжингүй зах зээлтэй харьцуулахад улс төр, эдийн засаг, валютын эрсдэл өндөртэй, хөгжиж буй зах зээл гэж тооцогддог. Иймд болзошгүй хэлбэлзэл, тодорхойгүй байдлаас үүдэн хөрөнгө оруулагчид өндөр өгөөж (ROI)[3] шаарддаг тул төслийн хүлээгдэж буй өгөөж дээр улс орны эрсдэлийн урамшуулал нэмэгддэг. Энэхүү урамшуулал нь эрсдэл багатай орнуудад хийгдэж буй ижил төстэй хөрөнгө оруулалтын стандарт өгөөжийн хүлээлтээс 3% -иас 7% ба түүнээс дээш байна.

Хувь эзэмших хөрөнгө оруулалт (Equity)

            Хувийн хэвшлийн хаалттай хөрөнгө оруулалтууд төслийн эрсдэлээс хамааран хүлээгдэж буй өгөөж 15% -иас 25% хүртэл, өндөр эрсдэлтэй гарааны бизнес эсвэл технологийн венчур капитал хөрөнгө оруулалтын хувьд хүлээгдэж буй өгөөж нь 20% -иас 35% орчим байна.

Өрийн санхүүжилт (зээл)

            Корпорацын зээлүүд нь улс орны эрсдэл өндөр байгаа нөхцөлд хүүгийн хэмжээ жилийн 8%-15% хооронд хэлбэлзэж байна. Norfund, Finnfund, IFU гэх мэт байгууллагуудын тогтвортой хөгжлийн зорилттой нийцэж байвал Хөгжлийн санхүүжилтийн хүү (5%-10%) санал болгодог.

Хүлээгдэж буй эрсдэл, өгөөжид нөлөөлөх хүчин зүйлс

  1. Орон нутгийн сайн түншүүдтэй төслүүд, найдвартай гэрээнүүд эсвэл засгийн газрын дэмжлэг нь хүлээгдэж буй эрсдэлийг бууруулж, хүүгийн хувь хэмжээг бууруулах хүчин зүйл болно.
  2. Валютын эрсдэл: Монгол төгрөг (MNT)-ийн хэлбэлзлийг харгалзан валютын эрсдэлээс хамгаалах зардал нь шаардагдах өгөөжийг нэмэгдүүлж болзошгүй байна. Иймд санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг ашиглан ханшийн эрсдэлийг хаах шаардлагатай.

Нордик сангуудтай хөрөнгө оруулалтын чиглэлээр уулзалт, хэлэлцээр хийх

            Аливаа хөрөнгө оруулалтын байгууллагуудад төсөл танилцуулах эсхүл төслийн санхүүжилтийн нөхцөлийг тохиролцоход хөрөнгө оруулагчийн талын тэргүүлэх чиглэл, үнэт зүйлс, шийдвэр гаргах үйл явцыг харгалзан үзэх нь стратегийн хувьд чухал юм.

 

Байгууллагын тэргүүлэх чиглэл, эрхэм зорилгыг судлах

  1. Норфанд, Финнфанд, Шведфанд, IFU[4] зэрэг байгууллагууд тогтвортой хөгжил, нийгэмд үзүүлэх нөлөө зэрэг хүчин зүйлсийг хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын нэн тэргүүнд тавьдаг. Иймд төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг чухалчлах хэрэгтэй. Түүнчлэн тухайн сангийн тэргүүлэх ач холбогдол өгдөг тодорхой салбаруудыг судалснаар танилцуулах төслийг оновчтой сонгох.
  2. Эрсдэл бууруулах шийдлүүдийг онцлон тэмдэглэх: Төсөлд нөлөөлж болзошгүй улс төр, эдийн засгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө шийдлүүдийг тодорхой тэмдэглэх. Үүнд орон нутгийн түншлэл, засгийн газар, эсхүл улс төрийн дэмжлэг, гадаад валютын своп хэлцлийн санал нөхцөлүүд, мөн даатгалын бүтээгдэхүүний шийдлүүдийг онцлох нь гэрээ хэлэлцээр, тохиролцооны хүрэх үр дүнд эерэг нөлөө үзүүлнэ.

Нордикийн хөрөнгө оруулалтын чиг хандлагатай нийцүүлэх

  1. Хэрэв хэлэлцэж буй төсөл шинэлэг технологи, арга барилтай бол энэ талыг онцлох. Нордикийн орнууд инновацад анхаарлаа хандуулдгаараа алдартай бөгөөд хамгийн сүүлийн үеийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх хандлагатай байдаг.
  2. Соёлтой бизнесийн харилцааг бий болгох (Relationship building) Нордикийн бизнесийн соёл нь даруу байдал, шулуун шударга байдал, итгэлцлийг эрхэмлэдэг тул борлуулалтын түрэмгий тактикаас зайлсхийх; үүний оронд харилцан хүндэтгэл, хамтын үнэт зүйлс дээр суурилсан бизнесийн харилцааг бий болгох.
  3. Скандинавын орнуудын ТХХТ-ийн туршлагыг харгалзан төслөө төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахуйц байдлаар зохион байгуулах боломжийг судлах.

Монгол Улс дахь нордик хөрөнгө оруулагч татах боломжтой салбарууд

Сэргээгдэх эрчим хүч

  1. Монгол орон өргөн уудам талбайтай, нарны тусгал ихтэй тул нарны эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд тохиромжтой. Ялангуяа говь цөлд нар, салхины эрчим хүчний томоохон станцуудыг байгуулах маш сайн боломж бий.
  2. Нар, салхины эрчим хүчнээс бага хөгжсөн ч усан цахилгаан станц, газрын гүний дулааны эрчим хүч нь хангайн бүс нутагт хийгдэх боломжтой.

Уул уурхай ба нөөцийн боловсруулалт

  1. Монгол улс газрын ховор элемент, зэс, нүүрс, алт болон бусад ашигт малтмалаар баялаг. Тогтвортой, хариуцлагатай уул уурхай, эсвэл боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах нь өгөөж өндөртэй байдаг.
  2. Түүхий эдийг экспортлох бус нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрүүд (хайлуулах үйлдвэр, боловсруулах үйлдвэр).

Хөдөө аж ахуй

  1. Монгол орны өргөн уудам, харьцангуй бохирдолгүй газар нутаг нь органик газар тариалан эрхлэх боломж ихтэй (мах, сүүн бүтээгдэхүүн, ноолууран бүтээгдэхүүн).
  2. Технологид суурилсан хөдөө аж ахуй (нарийн ферм, хяналтын дрон, хиймэл оюун ухаантай усалгааны систем).
  3. Уламжлалт мал аж ахуйг орчин менежменттэй хослуулах төсөл (бэлчээрийн менежмент, махны боловсруулалт).

Аялал жуулчлал

  1. Тогтвортой аялал жуулчлалын сонирхол дэлхий даяар нэмэгдэж байгаа энэ үед Монголын байгалийн үзэсгэлэнт газрууд, тэр дундаа говь, Алтайн нуруу, Хөвсгөл нуурт чиглэсэн эко аялал жуулчлалын бизнесүүд.
  2. Тансаг зэрэглэлийн аялал(luxury and niche travel): Монголын уламжлалыг орчин үеийн тохь тухтай хослуулсан тансаг зэрэглэлийн жуулчны бааз (өндөр зэрэглэлийн аялал жуулчлал, эрүүл мэндийн амралтын газрууд)

Байгаль орчин, цаг уурын төслүүд

  1. Уур амьсгалын өөрчлөлтөд дэлхий нийтээр анхаарал хандуулж байгаа энэ үед ойжуулалт, цөлжилттэй тэмцэх, газрын нөхөн сэргээлт зэрэг нь санхүүжилт, нүүрстөрөгчийн кредит(CC)[5] татах боломжтой.
  2. Монголын хот суурин газрууд, ялангуяа Улаанбаатар хот хог хаягдлын менежментийн асуудалтай тулгардаг. Орчин үеийн дахин боловсруулах байгууламж, хог хаягдлаас эрчим хүч гаргах үйлдвэр, хог хаягдлын тогтвортой менежментийн төслүүд.

ДҮГНЭЛТ

Нордикийн орнуудын тогтвортой хөгжлийн бодлого, инновац, бизнесийн ёс зүйн туршлага зэрэг давуу талуудыг монголын зах зээлийн хэрэгцээ, боломжуудтай уялдуулснаар Нордикийн хөрөнгө оруулагчид сэргээгдэх эрчим хүч, тогтвортой уул уурхай, боловсруулах үйлдвэр болон мэдээлэл технологийн салбарт үр дүнтэй, Монгол Улсын урт хугацааны хөгжил, байгаль орчны тогтвортой байдлыг хангах эерэг нөлөө үзүүлэх, ашигтай хөрөнгө оруулалт татах боломжтой байна.

Манай улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид нордик хөрөнгө оруулагчидтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хэлэлцээр хийхдээ төслийн ил тод байдлыг чухалчлахаас гадна нордик бизнесийн соёл зэрэг бэлтгэлээ сайтар хангах, түүнчлэн айлын талын тогтвортой хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлийн уялдуулж төслөө танилцуулах нь амжилттай хэлэлцээр хийх, хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэхээр байна.

 

ЭХ СУРВАЛЖ

https://www.swedfund.se/en/

https://www.norfund.no/

https://www.finnfund.fi/en/

https://www.ifu.dk/en/

https://www.nordicinnovation.org/

 

[1] GPFG – Government pension fund global

[2] ESG – Environmental, social, governance

[3] ROI – Return on investment

[4] IFU – Данийн хөгжиж буй орнуудын хөрөнгө оруулалтын сан

[5] CC – Carbon credit