ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ МЕХАНИЗМЫН ТУХАЙ

2024-01-25


Хүн ам цөөнтэй, дотоод зах зээл төдийлөн том биш Хойд Европын зарим орон, тухайлбал Швед, Дани болон Эстони улс экспортоо дэмжих, гадаад хөрөнгө оруулалт татах бодлогоо хэрэгжүүлдэг бүтэц, тэдгээрийн чиг үүргийн талаарх мэдээг хүргүүлж байна.

Нийтлэг хандлага
Гадаадын хөрөнгө оруулалт(ГХО)-ыг татах, экспортоо дэмжих бодлогыг нэгтгэн хэрэгжүүлэх нь аль ч улсын стратегийн сонголт болж, харин хэрэгжүүлэх механизмын бүтэц, чиглэл нь маш оночтой байх нь хамгийн чухал ажээ.

Гадаад орчны өөрчлөлт, сорилттой уялдуулан сүүлийн жилүүдэд ЭЗХАХБ-ын орнуудын ихэнх нь гурваас дээш удаа дээр дурдсан бүтэц, чиглэлээ шинэчилж өөрчилсөн байна . Зарим нь шинэ бүтэцдээ хөрөнгө оруулалт, экспортоос гадна инновац, аялал жуулчлалыг нэмж оруулжээ. Шинжлэх ухааныг дэмжих сайн дэд бүтэц, мэдлэгийн төв, чадварлаг ажиллах хүчин, технологийн кластер хөгжсөн оронд инновацийг түшиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэх болжээ.

ГХО, эскпорт, аялал жуулчлал, инновацийг нэгтгэн хэрэгжүүлэх байгууллага нь дан төрийн хэлбэрээс гарч илүү бие даасан хувийн, төрийн, эсхүл төр-хувийн хэлбэрт шилжих хандлага давамгайлсан байна.

Дани Улс
2000 онд Данийн экспорт болон ГХО-ыг эрхэлдэг засгийн газрын харьяаны бүх агентлагыг ГХЯ-ны дэргэдэх Худалдааны Зөвлөл(Trade Council)-д нэгтгэж, уг Зөвлөлийн үйл ажиллагааны эрхзүйн актыг нь баталжээ. Зөвлөлийн бүтэц дэх Invest in Denmark нь Данид гадаадын компаниуд салбараа нээх, үйл ажиллагаагаа өргөтгөх, судалгаа хийх зэрэгт нь нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг. Ингэснээр худалдаа, инновац, хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагааг нэг урсгалд оруулж, Данийн болон олон улсын бизнес эрхлэгчид нэгдсэн системээр бизнесийн үйлчилгээ, гадаад зах зээлийн мэдээлэл, заавар зөвлөмж авдаг болжээ.

Худалдааны Зөвлөл нь 4 газартай:

- Стратеги, бодлого: стратеги боловсруулах, экспортыг дэмжих нэгдсэн арга хэмжээ явуулж, олон улсын мэдээ,мэдлэгийг хуваалцана.

- Худалдааны бодлого, дүн шинжилгээ: Бодлого боловсруулан хэрэгжүүлж,  экспортын техникийн чанартай асуудлаар туслалцаа үзүүлнэ, олон улсын худалдааны дүн шинжилгээ хийж танилцуулна.

- Дани дахь хөрөнгө оруулалт: ГХО-г татах, Данийн инновацийн төвүүдийг хилийн чандадад байгуулна. Хөрөнгө оруулагчдыг нэгдсэн мэдээллээр хангаж, төслүүд танилцуулна. Хөрөнгө оруулалтын иж бүрэн бенчмарк дүн шинжилгээ хийж өгнө, зуучлана, танилцах аялал зохион байгуулна.

- Ногоон дипломат үйл ажиллагаа: Эрчим хүч, уур амьсгалын болон байгаль орчны шинэ технологийн сурталчилгааг хариуцана.

Худалдааны зөвлөл Данийн 105 ДТГ-т төлөөлөгчтэй бөгөөд тухайн улсад ажиллагсдын 50%-ийг суугаа орны зах зээлийн нөхцөл, хэл соёл, бизнес болон засаг захиргааны дүрэм журмыг сайн мэддэг орон нутгийн хүмүүсээс бүрдүүлдэг. Данийн бизнес эрхлэгчдэд үзүүлж буй үйлчилгээ нь тодорхой тарифтай, ажилтан нар компаниудын мэдээллийг бусдад тараахыг хуулиар хориглодог.

Зөвлөлийн вэбсайтаас харахад “Данийн компаниуд Хятадын дараагийн 5 жилийн төлөвлөгөөг анхаарч бизнесээ өргөтгөх”, “Колумбийн салхины эрчим хүч хөгжүүлэх бодлого нь Данид экспортын боломж олгож байна” гэх мэт тодорхой зөвлөмж бүхий мэдээлэл байгаа нь энэ байгуууллагын үйл ажиллагааны чиглэл, ажлын арга хэлбэрийг тодорхой харуулж байна.

Эстони Улс

“Enterprise Estonia” (EAS)  нь Эстонийн экспортын чадамжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын орлогыг өсгөх, өндөр өртөг шингэсэн хөрөнгө оруулалтыг татах гэсэн үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн бизнес модел боловсруулах, инновацийг дэмжих, гадаадын өндөр мэрэгжилтнүүдийн татах үүрэгтэй. Гадаад эдийн засгийн орчинд нь тулгарч буй сорилтыг шийдэх, Эстонийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар тогтмол судалж засгийн газартаа танилцуулна.

EAS нь дэлхийн 16 хотод, түүний дотор  Азиас Токио, Сингапур, Бээжин, Дели болон Нурсултанд төлөөлөгчийн газартай. 266 ажилтантай. 2019 оны төсөв нь 81.3 сая евро. Удирдлагын хувьд төрийн болон хувийн хэвшлийхнээс бүрдсэн хяналтын удирдах зөвлөл, мөн 2 гишүүн бүхий менежментын зөвлөлтэй.

“Enterprise Estonia”-ийн 2019-2023 онд хэрэгжүүлэх стратегийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй. Энэ байгууллага нь Бизнес хөгжүүлэх стратеги, Бүсийн хөгжлийн стратеги, Аялал жуулчлалыг хөгжүүлэх болон “Эстонид үйлдвэрлэв” төлөвлөгөөг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажилладаг байна.

Стратегийн хүрээнд 2023 он гэхэд хүрэх зарим заалтаас харахад өндөр өртөг шингэсэн экспортын үйлдвэрлэгчдийн тоог 600-д хүргэх, олон улсад гаргах брэнд барааны тоог 20-иор нэмэгдүүлэх, EAS-ын дэмжлэгтэйгээр татах хөрөнгө оруулалт 1.5 тэрбум евро, Азиас ирэх жуулчдын байх хоногийн тоо 540,000-д хүргэх, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжсэн олон улсын 100 хурал зохион байгуулах гэх мэтээр тодорхой тоон хэмжүүртэй, хугацаатай төлвөлгөө гаргадаг аж.   

Энэ 5 дугаар сард EAS-аас бизнес эрхлэгчдэд зохион байгуулсан зарим арга хэмжээг сонирхоход “Японы хүнсний зах зээлд хэрхэн нэвтрэх”, “Хятадын экспортын түншээ хэрхэн судлах” зэрэг асуудлаарх семинар-ярилцлага оржээ.

Швед Улс
2013 онд Засгийн газрын “Invest Sweden” болон “Шведийн худалдааны зөвлөл” хоёрыг нэгтгэж экспортыг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах зорилготой “Business Sweden”-г байгуулсан . Энэ байгууллагыг засгийн газраас ГХЯ(ТНБД-ын түвшинд)хувийн хэвшлээс Шведийн гадаад худалдааны холбоо төлөөлөн хамтын удирдлагаар хангадаг. Удирдах зөвлөл нь 4 гишүүнтэй.

“Business Sweden” нь 57 оронд, түүний дотор Ази, Номхон далайн бүсд 13 төлөөлөгчийн газартай. Нийт 500 гаруй ажилтантай.

Үйл ажиллагааны чиглэл: 


- Хөрөнгө оруулалт татах /Invest in Sweden/: Шведийн зах зээлийн мэдээллээр хангах,тусгайлсан судалгаа хийх, хууль, тогтоомжийг танилцуулах, оршин суух эрх хүсэх зэрэгт үйлчилгээ үзүүлэх, тухайн компанийн стратеги төлөвлөгөөнд тулгуурлаж бизнесийн боломжийн талаар зөвлөгөө өгөх.

- Гадаад зах зээлээ тэлэх: Шведийн компаниудад шинэ зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэхэд борлуулалтын төлөвлөгөө боловсруулах, шинэ хэрэглэгч олох, хамтрагч сонгох замаар эрсдэлийг бууруулж, олон улсад үйл ажиллагаа явуулахад нь бүх шатанд дэмжлэг үзүүлэх.

- Борлуулалтыг нэмэгдүүлэх: Тухайн бүс нутаг дахь хамтран ажиллагч байгууллагуудаар дамжуулан ханган нийлүүлэгч болон хамтрагч олоход нь дэмжлэг үзүүлж, төрийн байгууллагын тендерт оролцохыг зөвлөж мэдээлэх.

- Жижиг, дунд аж ахуй нэгжийг дэмжих: Олон улсын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх зорилготой шинээр үүссэн болон жижиг, дунд аж ахуй нэгжүүдэд тусгайлан боловсруулсан хөтөлбөрийн дагуу дэмжлэг үзүүлж, тогтвортой үйл ажиллагаа явуулах зөвлөмж өгөх.

Дээрх бүтцээс гадна худалдаа, экспортын асуудал эрхэлсэн ГХЯ-ны ТНБД-ын удирдлага дор харъяа яам, агентлаг, төрийн өмчит компаниудын төлөөллийг багтаасан “Team Sweden” баг ажиллаж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн чиг үүргийг хувийн хэвшилд тодорхой болгох, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг.

Мөн Норвег, Финланд ч ялгаагүй энэ чиглэлийн  адил бүтэцтэй аж.

Дээрх туршлагаас харахад экспортоо нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын орлогоо өсгөх нь эдийн засгийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэж байна. Чингэхдээ энэ бодлогыг нэгтгэн зангидаж, аж ахуйн нэгжүүд, бизнесийн байгуулллагууд болон төр хоорондын гурвалсан хамтын ажиллагаа зохицуулах зөв механизм бий болгох нь үр дүнд хүргэх хамгийн чухал хүчин зүйл гэж үздэг ажээ.

[email protected]

http://www.oecd.org/investment/Mapping-of-Investment-Promotion-Agencies-in-OECD-Countries.pdf

https://www.eas.ee/eas/

https://www.business-sweden.com/