ЕВРОПЫН ИМПОРТЫН ЗАХ ЗЭЭЛ: БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОРЦ
2024-01-25
вропын нийт гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд байгалийн гаралтай орц бүхий бүтээгдэхүүний эзлэх хувь сүүлийн жилүүдэд хурдацтай өсч байгаа аж. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд дундаас арьс арчилгаа, үс арчилгааны бүтээгдэхүүнүүд хамгийн ихээр байгалийн гаралтай орц шаардагддаг ч гоёл чимэглэлийн будаг /decorative cosmetic/, ариун цэвэр, үнэртэн зэрэгт ч мөн аажмаар ашиглаж эхэлж байгаа юм байна. Түүнчлэн арьс арчилгаа, үс арчилгаа, ариун цэврийн бүтээгдэхүүнүүд нь зах зээлийн 70 хувийг эзэлж байгаа тул хөгжиж буй орнуудын экспортлогч нар байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний орц экспортлох өндөр боломж байгаа аж.
Европын гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл 2017 оны байдлаар 77,6 тэрбум евро байсан нь АНУ /67,2 тэрбум евро/, Хятад /43,4 тэрбум евро/-аас өндөр дүн бөгөөд дэлхийн хамгийн том гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл болохыг гэрчилж байна. Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэгчдийн эрэлт, тогтвортой түүхий эдийн хэрэглээнд шилжих чиг хандлагатай холбогдуулан үйлвэрлэгчид химийн бодисын орцоос илүүтэйгээр байгалийн гаралтай орцыг гоо сайхан, хувийн арчилгаандаа улам их хэмжээгээр ашиглаж байна. Европын орнууд ялангуяа Скандинавын хэрэглэгчид химийн гаралтай бүтээгдэхүүнээс үүдэлтэй харшил болон бусад өвчлөлүүдээс сэргийлэх, эрүүл мэндийн давуу талыг ашиглах, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор байгалийн гаралтай орц бүхий гоо сайханы бүтээгдэхүүнийг илүүтэйгээр сонгон хэрэглэж эхэлсэн байна.
Эх сурвалж: Cosmetic Europe
Өнөөдрийн байдлаар Европын орнууд дахь байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагын эрэлт ши тос, кокосын тос, мангоны тос, гүглийн эфирийн тос, пачули эфирийн тос, чихэр өвсний ханд зэрэг бүтээгдэхүүнд хамгийн өндөр байгаа ба ургамлын гаралтай тос, үнэр нэмэх эфирийн тос, ургамлын ханд болон бусад ургамлын гаралтай түүхий эд гэж ерөнхийд нь ангилдаг байна.
Европын орнуудын дээрх ангиллын бүтээгдэхүүний импортын жагсаалтаас үзэхэд манай улсад ургадаг Долоогонын ханд /Hawthorn extract/, Чихэр өвсний үндэсний ханд /Liquorice/, Чацарганын жимсний ханд /Sea buckthorn berries extract/ зэрэг бүтээгдэхүүнд багтаж байна. Ялангуяа Чихэр өвсний үндэсний ханд /Liquorice/ нь хөгшрөлтийн эсрэг, арьс чангаруулах үйлчилгээтэй тул арьс арчилгааны бүтээгдэхүүнд ихээр ашиглагдах болсон бөгөөд Европын хүн амын өндөр настангуудын тоо өсч байгаатай холбогдуулан эрэлт нь улам өсөх хандлагатай байгаа аж. Чихэр өвсний үндэсний хандыг /Liquorice/ Иран, Хятад, АНУ, Туркменистан голчлон экспортлож байгаа бол Герман, Франц, Недерланд зэрэг нь хамгийн том худалдан авагчид юм байна.
Дээрх чиглэлээрх санал хүсэлт явуулах хаяг: [email protected]