Норвегийн Үндэсний баяр, 5-р сарын 17
2026-07-22
Норвегийн Үндэсний баярыг жил бүрийн 5-р сарын 17-нд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Норвег хэлээр “Сийттенде Май” (Syttende Mai) буюу “5-р сарын 17” хэмээн нэрлэдэг. Энэ өдөр нь 1814 оны 5-р сарын 17-нд Эйдсволл xoтoд Норвегийн Үндсэн хууль батлагдсаныг тэмдэглэдэг баяр /Constitution Day/ бөгөөд тус үндсэн хууль нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэрэглэгдэж буй дэлхийн хамгийн эртний үндсэн хуулиудын нэг юм.
1800-аад оны эхэнд Европт Наполеоны дайн өрнөх үед Дани–Норвегийн холбоо Францын талд орсон ба улмаар Франц ялагдсанаар 1814 онд Дани–Норвегийн холбоо 400-н зуун жилийн дараа задарчээ. Дани Норвегийг Швед Улсад шилжүүлэв.
Норвегийн 112 төлөөлөгч Эйдсволл хотноо цугларч Норвегийн Үндсэн хуулийг баталжээ. Ийнхүү 1814 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шинэ Үндсэн хуультай болсон нь Норвег Улсын түүхэн чухал үйл явдал болсон юм. Энэ өдрийг норвегичүүд “Норвегийн Үндэсний баяр”- ын өдөp болгон тэмдэглэж байна.

Норвег нь Шведийн нэгдсэн холбоонд 1814 онд албан шахалтаар орсон байна. Тус холбоо Дани–Норвегийн холбооноос сул байсан ба норвегичүүд Үндсэн хуулиа хадгалж, дотоодын асуудлаа өөрөө шийдэх боломжтой байсан гэж үздэг.
Шведийн хаантай маргаан үүссэний улмаас Норвегийн парламент 1905 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Швед-Норвегийн холбоо задарсаныг албан ёсоор зарлаж, 1814 оны Үндсэн хуулийн дагуу тусгаар тогтнолоо тунхаглаж, Хаант засаглалтай улс болж, Тусгаар тогтносон боловч жил бүр 5-р сарын 17-ныг Үндэсний баярын өдөр болгон сүр дуулиантай, өргөн дэлгэр тэмдэглэдэг.
5-р сарын 17-ны Үндэсний баярын үеэр дараах уламжлалт арга хэмжээнүүд Норвегийн Хаант улсын өнцөг, булан бүрт өргөн дэлгэр зохиогддог.
Хамгийн гол үндсэн үйл явдал Хүүхдийн жагсаал буюу Barnetog газар бүрд зохион байгуулагддаг. Barnetog гэдэг нь “Barn” хүүхэд, “Tog” жагсаал, цуваа гэсэн утгатай үг. Энэ нь Норвегийн Хаант Улсын 5-р сарын 17-ны баярын хамгийн чухал уламжлалуудын нэг бөгөөд бүх сургуулийн 1-10-р ангийн сурагчид жагсаж оролцоно. Цэцэрлэгийн хүүхдүүд мөн эцэг эхтэйгээ жагсаалд оролцдог.
Хүүхэд бүр Норвегийн далбаа барина. Үлээвэр найрал хөгжим тоглоно. Хүүхдүүд үндэсний хувцас буюу bunad өмсөнө “Hurra!, Hipp hipp hurra Norge!” хэмээн баярын уухай цуурайтуулдаг.
5-р сарын 17-ны нөгөө нэг онцлог бол хүн бүр энэ өдөр Бунад (bunad) хэмээх үндэсний хувцасаа өмдөг. Bunad нь Норвегийн уламжлалт үндэсний хувцас юм. Ихэвчлэн Constitution Day буюу 5-р сарын 17-ны Үндэсний баяр, хурим, төгсөлт зэрэг онцгой ёслолын үеэр өмсдөг. Бунад нь Норвегийн бүс нутаг бүрт өөр өөр загвар, өнгө, хатгамалтай байдаг бөгөөд тухайн хүний гарал үүсэл, нутаг орныг илэрхийлдэг.
Эрэгтэй, эмэгтэй бунад байдаг бөгөөд ихэвчлэн гар хатгамалтай, ноосон эсвэл уламжлалт даавуугаар хийгдсэн мөнгөн гоёл чимэглэл, товчтой (sølje) байдаг. Бунад нь маш үнэтэй, олон жил хадгалж өмсдөг мөн уламжилж, өвлөгддөг хувцас байдаг.
Норвегийн төрийн далбаагаар хот, гудамжийг чимэх нь төрийн захиргааны үндсэн зохион байгуулалтын ажил болдог. Төрийн байгууллагууд, хувийн хэвшлүүд үлээвэр найрал хөгжим тоглож, баярын тоглолтууд хийн баярын жагсаалд оролцдог. Хүн бүр үүнийг баярaа тэмдэглэх үүрэгт ажил хэмээн хүлээн авдаг онцлогтой. энэ өдөр хүүхдүүдэд зориулсан зайрмаг, зайдас болон хүйтэн зууш өргөнөөр иддэг.
Сургууль, цэцэрлэг дээр цуглаж хамтдаа хооллодог. Хүүхдийн сургууль дээр жил бүр 6-р ангийн хүүхдүүдтэй эцэг эхчүүд зохион байгуулна. Үүний зэрэгцээ нийслэл хот Осло болон бусад хотууд, тосгон суурин газруудад баярын цугларалт, илтгэл, хүндэтгэлийн арга хэмжээнүүд зохиогддог.

Хамгийн том баярын арга хэмжээ Oсло хотод болдог бөгөөд хааны гэр бүл Хааны ордны тагтан дээрээс жагсаалд оролцогчидтой мэндчилдэг. Норвегийн Хааны гэр бүл, Хаан, Хатан нар нийслэл Осло хот дахь Хааны ордонд амьдарч, өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Хааны oрдны барилгын ажлыг 1824 онд эхлүүлж, барилгын шавыг Нэгдүгээр Карл Йохан Хаан 1825 оны 10 дугаар сарын 1-ний өдөр тавьсан. Ордон нь Нэгдүгээр Оскар Хааны үед буюу 1849 оны 7 дугаар сарын 26-ны өдөр албан ёсоор ашиглалтанд орсон. Ордон нийт 173 өрөөтэй. Энэхүү ордон нь Норвегийн төрийн өмч бөгөөд зуны улиралд олон нийтэд нээлттэй байж, холбогдох үзэсгэлэнгүүдийг нийтэд дэлгэн үзүүлдэг.
Хааны ордонд төрийн албан ёсны уулзалт, ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Хаан ордондоо Баасан гараг бүр Засгийн газрын гишүүдтэйгээ үдийн хоол иддэг. Мөн гадаадын элчин сайдууд Хаанд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьдаг уламжлалтай.