Норвегийн Хаант Улсын нийслэл Осло хотын танилцуулга
2026-05-01
Осло хотын түүхэн хөгжил
I. Викингийн үе (1000–1300)
Осло хотыг анх Викингийн төгсгөл үе буюу 1040 оны үед Ансло нэртэйгээр үүсгэн байгуулжээ. 1040–1050 онд xотыг Харальд Хардрада байгуулсан гэж үздэг. Осло нь худалдаа, шашны төв болон хөгжиж эхэлсэн.
II. Дундад зуун (1300–1600)
Тавдугаар Хаакон Хааны (1299-1319) үед Норвегийн нийслэл хотоор зарласан. Осло нь сүм хийд, шашны төв болсон. 1299 онд Хааны ордон шилжиж ирснээр нийслэлийн үүрэг нэмэгдсэн. Энэ үед Норвегийн Берген, Трондхейм, Ставангер, Тoнсберг зэрэг анхны хотуудыг байгуулсан байна. Харин тахал (Black Death) болон эдийн засгийн уналтаас болж хотын хөгжил саарсан. 1300-аад оны дунд үед дэгдсэн “Xар тахал” гоц халдварт өвчний үед дэлхий даяар 200 орчим сая хүн, Европын хүн амын тал, Норвегийн хүн амын 1/3 нь нас барсан гашуун түүхтэй


III. Гал түймэр ба дахин байгуулалт (1624 он)
Осло нь түүхэндээ хэд хэдэн удаа галд өртөж байсан. 1624 онд Их гал гарч хот сүйрсэн бөгөөд гал түймрийн дараа Дани болон Норвегийн Дөрөвдүгээр Кристиан Хаан дахин сэргээж өөрийн нэрээр “Кристианиа” гэж нэрлэсэн. Хотыг шулуун гудамж, төлөвлөлттэйгээр байгуулсан нь орчин үеийн хот байгуулалтын эхлэл болжээ.
IV. Үндэсний сэргэлт (1814 он)
1300-аад онд Дани нь Норвегид нөлөөгөө нэмэгдүүлж, 1397 оноос Дани, Швед, Норвег нэг холбоонд оржээ. Тус холбоо нь нэг хаантай байв. Хожим Швед энэ холбооноос гарсан. Харин Дани–Норвегийн холбоо 1814 он хүртэл 400 гаруй жил үргэлжилсэн. 1800-аад оны эхэнд Европт Наполеоны дайн өрнөх үед Дани–Норвегийн холбоо Францын талд орсон ба улмаар Франц ялагдсанаар 1814 онд Дани–Норвегийн холбоо задарчээ. Дани Норвегийг Швед Улсад шилжүүлэв. Норвег Улс 1814 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шинэ Үндсэн хуультай болсон нь түүхэн чухал үйл явдал болсон юм. Норвегийн улс төрийн төв нь Кристианиа болсон. Соёл, боловсрол, урлаг эрчимтэй хөгжиж эхэлсэн.
V. Аж үйлдвэржилт (XIX зуун)
Үйлдвэр, үйлдвэржилт хөгжиж, хотуудын хүн ам хурдтай өссөн. 1800 оны дунд үе хүртэл Норвегийн хүн амын 70 орчим хувь нь хөдөө амьдарч, газар тариалан, МАА, загас агнуурын аж ахуй эрхэлж байв. Энэ үед 800 мянга гаруй норвегичууд шинэ амьдрал хайн Америк руу цагаачилсан байна. 1850 онд хүн амын 15 орчим хувь нь хотод байсан бол 1900 онд 35 xувь болж өсжээ. Төмөр зам, боомт, үйлдвэрүүд байгуулагдсан. Кристианиа xот нь эдийн засгийн гол төв болсон. Хааны ордон, Парламентын ордон, Үндэсний театр гэх мэт томоохон барилгууд нь XIX дүгээр зуунд баригджээ.
VI. Тусгаар тогтнол (1905 он)
Шведийн хаантай маргаан үүссэний улмаас Норвегийн парламент 1905 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Швед-Норвегийн холбоо задарсаныг албан ёсоор зарлаж, Норвеги Улс 1814 оны Үндсэн хуулийн дагуу тусгаар тогтнолоо тунхаглаж, Хаант засаглалтай улс болжээ. Норвег Шведээс тусгаар тогтнож, Осло улс төрийн жинхэнэ нийслэл болсон. 1925 онд Парламентын шийдвэрээр “Осло” хэмээн албан ёсоор буцааж нэрлэсэн.
VII. Дайн II (1940–1945 он)
Герман Улс 1939 онд Польшийг эзэлсэнээр дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн ба 1940 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Норвегийн нийслэл Ослог эзэлсэн. Дайны дараа хотыг сэргээн босгож, шинэ дэд бүтэц бий болгосон.
VIII. Орчин үеийн хөгжил (1950–2000 он)
1969 онooc далайн бүс орчимд дэлхийд томоохонд тооцогдох газрын тосны ордын нэгийг ашиглах болсоноор их хэмжээний тос олборлох, экспортлох боломж бүрдэж, Норвег Улс хурдан хугацаанд нефтийн орон болж, эдийн засаг нь эрчимтэй өсч эхэлжээ. 1983 онд Газрын тосны сан байгуулж, орлогыг төвлөрүүлэх, зөвхөн сангийн хөрөнгө оруулалтын орлогыг зарцуулах тухай саналыг Норвегийн Төв банкнаас гаргав.


Норвегийн парламент (Стортинг) 1990 онд “Улсын тэтгэврийн сангийн тухай” хуулийг баталж, зарчмыг хуульчилжээ. Үүний үр дүнд “Улсын тэтгэврийн гадаад сан” буюу олон нийтэд “Газрын тосны сан (Oljefondet)” нэрээр танигдсан сан ийнхүү байгуулагдаж, 1996 онд анхны орлого нь уг санд оржээ. Орон сууцны хороолол, зам, нийтийн тээвэр эрчимтэй хөгжсөн. Нийгмийн халамжийн систем бэхжсэн.
IX. Ногоон хот. (2000 оноос хойш)
Байгальд ээлтэй бодлого, тогтвортой хөгжилд анхаарч эхэлсэн. 2019 онд Европын Ногоон нийслэл болсон. Цахилгаан автомашин, дугуйн зам, ногоон байгууламжийг эрчимтэй хөгжүүлж байна.
Норвегийн Хаант Улсын Засгийн газраас сүүлийн 10-н жилд хэрэгжүүлсэн том бодлого бол "Эрчим хүчний шилжилтийн бодлого" юм. Цахилгаан машины-EV хэрэглээг хүчтэй дэмжсэн. Одоогоор дэлхийд цахилгаан машины хамгийн өндөр хэрэглээг /100%/ бий болгож чадлаа.
Эрчим хүчний шилжилтийн бодлогын гол зорилго нь бензин, дизель түлшний хамаарлыг аажмаар бууруулах цахилгааны хэрэглээг дагнуулах, Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн бодлогыг л чухалчилж байна. Норвегийн ирээдүйдээ зориулсан Төрийн мэдлийн хараат бус “Баялгийн сан”- ийн нийт хэмжээ 2025 оны байдлааp 2.1 триллион буюу 2100 тэрбyм ам.долларт хүрээд байгаа билээ.