НОРВЕГИЙН ХААНТ УЛСЫН ТОВЧ ТҮҮХ
2026-01-21
I үе. Эртний Норвегичууд
Мөстлөгийн үе
Олон мянган жилийн өмнө Европын хойд хэсэг гурван мянга орчим метрийн зузаан мөсөн бүрхүүлтэй байжээ. Цаг уур аажмаар дулаарч, мөс бага багаар хайлсан байна.
Чулуун зэвсэгийн үе (МЭӨ 10000–2000)

Норвегид хүн, амьтад ойролцоогоор 12 орчим мянган жилийн өмнө Европын өмнөд хэсгээс Норвегийн эрэг хүртэлх мөсөөр дамжин ирж суурьшсан гэж үздэг. Өвлийн улиралд мөс Европын өмнөд хэсэг Норвегийн эргийг холбож байжээ.
Археологийн олдворын дүгнэлтээр тэр үеийн хүмүүс жимс, мөөг түүж, загас барьж, ан хийж амьдардаг байсан ба чулуу, яс, модоор багаж, зэвсэг хийж байжээ. Норвегичууд ойролцоогоор 4000 жилийн өмнөөс газар тариалан эрхэлж эхэлсэн гэж түүхчид тэмдэглэдэг.
Хүрэл зэвсэгийн үе (МЭӨ 1800 – МЭӨ 500)

Энэ үед хүрлээр хийсэн багаж, зэвсэг, гоёл чимэглэлийг чинээлэг тариачид хэрэглэж байжээ. Энэ үед адууг уналга, эдэлгээнд ашиглаж, эмэгтэйчүүд хонины ноосоор ээрмэл, даавуу нэхэж сурчээ. Цаг агаар өнөө үеийнхээс дулаан байсан байна.
Төмрийн үе (МЭӨ 500 – МЭ 1050)
Энэ үед хүмүүс намагт байсан хүдрээс төмөр хайлуулж, багаж зэвсэг хийж эхэлсэн ба газар тариалан хөгжиж, хүнс нэмэгдэн, хүн ам өсөж эхэлжээ. Тэр үед цаг агаар одоогийнхтой ойролцоо байжээ.

Викингчүүдийн үе (МЭӨ 800 – 1050)
Хамгийн баян, хүчирхэг тариачид томоохон эдлэн дээр амьдардаг байсан бөгөөд тэднийг “Овгийн ноёд” гэж нэрлэж, тэд газраа хамгаалах цэрэгтэй байжээ. 700-аад оны сүүлчээр зарим Овгийн ноёд Төв Европ руу аялж, зарим нь худалдаа наймаа хийж, зарим нь байлдан довтолж, дээрэм хийдэг байв. Тэднийг “Викингчүүд” гэж нэрлэсэн байна.
872 онд Харалд бүх Норвегийг нэгтгэн хаан болсон. Викингчүүдийн шашин нь Норвегийн бурхдын тухай домогт тулгуурлаж, тэд арвин ургац, үржил шим нь дайнд ялахад тусална гэж итгэдэг байв. Викингчүүд Европт аялж байх үеэс Христийн шашинтай танилцаж, эх орондоо авчирсан бөгөөд Христийн шашин 1000-аад онд албан ёсоор дэлгэрсэн.
II үе. Дундад зуун ба холбооны үе

Xристийн шашин дэлгэрэв
Христийн шашин Европын өмнөд хэсэгт нэлээн эрт дэлгэрсэн ч Норвегид хожим ирсэн. 1030 оны Стиклестадын тулалдаанд хуучин шашинд итгэгч ноёдтой Христийн шашинт Олав Харалдссон тулалдаж, ялагдсан ч Христийн шашин улам хүчтэй дэлгэрч, эртний бурхдын итгэлийг орлох болов. Hөлөө бүхий ноёд, баячууд Христийн шашинд орж, улмаар жирийн ард иргэд дагах болов. Сүм хүчирхэгжиж, хүмүүс татвар төлөхөөс гадна газар эдлэнгээ ч өргөдөг байжээ.
Хар тахал дэгдэв
Норвегийн хүн ам 1000–1300 онуудад 150 мянгаас 400 мянга хүртэл өсжээ. Гэвч тэр үед нэг нас хүрээгүй хүүхдийн эндэгдэл болон төрөх үеийн хүндрэлээс үүдэн олон эх нас бардаг байв. Түүнчлэн 1300-аад оны дунд үед дэгдсэн “Xар тахал” гоц халдварт өвчний үед дэлхий даяар 200 орчим сая хүн, Европын хүн амын тал, Норвегийн хүн амын 1/3 нь нас барсан гашуун түүхтэй.
Сүм, хаад, язгууртнуудын ноёрхол
Дундад зуунд нийгмийн зонхилох хэсгийг тариачид бүрдүүлж байв. Викингчүүдийн үед тариачид өөрсдийн газартай байсан бол дундад зууны үед сүм, хаад, язгууртнуудад татвар төлдөг болжээ. Татвараа төлж чадаагүй нь газраа алдаж, харин сүм, хаад, язгууртнууд улам баяжих болов. Энэ үед Норвегийн Берген, Трондхейм, Осло, Ставангер, Тoнсберг зэрэг анхны хотуудыг байгуулсан байна

Дани-Норвегийн Холбоо /1397-1814 он/
1300-аад онд Дани Норвегид нөлөөгөө нэмэгдүүлж, 1397 оноос Дани, Швед нэг холбоонд оржээ. Тус холбоо нь нэг хаантай байв. Хожим Швед энэ холбооноос гарсан. Харин Дани–Норвегийн холбоо 1814 он хүртэл 400 гаруй жил үргэлжилсэн түүхтэй. Тиймээс Норвегичууд дани хэлээр уншиж, бичдэг болсон байна. Тухайн үед Норвегийг улс төр, аж амьдралын хувьд Копенхагенээс удирдаж, татвар тэнд төвлөрч байв.
Протестант шашин
Католик сүмийн эсрэг герман лам Мартин Лютер 1517 онд эсэргүүцэл хийж, түүнийг дагагчдыг “Протестантууд” гэж нэрлэх болсон. Энэ эсэргүүцэлийг Хойд Европын олон хаад дэмжсэн бөгөөд Данийн хаан ч протестант болсон байна. Тэр цагаас хойш 2012 он хүртэл Норвегид протестант-Лютерaн шашин төрийн шашинд тооцогдож байв.
III үе. Норвеги (1814–1905)
Дани-Норвегийн Холбоо задрав

1800-аад оны эхэнд Европт Наполеоны дайн өрнөх үед Дани–Норвегийн холбоо Францын талд орсон ба улмаар Франц ялагдсанаар 1814 онд Дани–Норвегийн холбоо задарчээ. Дани Норвегийг Швед Улсад шилжүүлэв.
Норвегийн 112 төлөөлөгч Эйдсволл хотноо цугларч Норвегийн Үндсэн хуулийг баталжээ. Ийнхүү 1814 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шинэ Үндсэн хуультай болсон нь Норвеги Улсын түүхэн чухал үйл явдал болсон юм. Энэ өдрийг норвегичүүд “Норвегийн Үндэсний баяр”- ын өдөp болгон тэмдэглэж байна.
Норвеги нь Шведийн нэгдсэн холбоонд 1814 онд албан шахалтаар орсон байна. Тус холбоо Дани–Норвегийн холбооноос сул байсан ба норвегичүүд Үндсэн хуулиа хадгалж, дотоодын асуудлаа өөрөө шийдэх боломжтой байсан гэж үздэг.
Үндэсний романтизм ба өөрийн онцлог
1800-аад оны дунд үед Европын орнуудад “Үндэсний романтизм” хэмээх урсгал хүчтэй болж, улс үндэстний өвөрмөц онцлогийг магтан харуулах болжээ
Норвегид байгаль, тариачдын амьдрал “Жинхэнэ норвеги” гэх үзэл сурталд автаж, уран зохиол, урлаг, хөгжимд тусгалаа олох болжээ.
Энэ үед норвегичууд өөрийн бичгийн хэлтэй болох хөдөлгөөн өрнүүлж, Ивар Оoсен /1813-1896/ нутгийн аялгууг цуглуулан шинэ бичгийн хэл - шинэ норвеги хэлийг (Nynorsk) бүтээжээ. Өнөөдөр Норвегид Bokmål ба Nynorsk хэл нь тус тус албан ёсны бичгийн хэл юм.
Хөдөө аж ахуйгаас үйлдвэржилт рүү

1800 оны дунд үе хүртэл Норвегийн хүн амын 70 орчим хувь нь хөдөө амьдарч, газар тариалан, МАА, загас агнуурын аж ахуй эрхэлж байв. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ажил хүнд, мөн газар хүрэлцэхгүй болсоны улмаас тухайн үед олон хүн хот руу шилжиж, үйлдвэрт ажиллах болжээ.
1850 онд хүн амын 15 орчим хувь нь хотод байсан бол 1900 онд 35 xувь болж өсжээ.Тэр үед ажлын цаг урт, мөн хүнд байсан ч амьдрах байр, орон сууц жижиг, амьдрал хэцүү байсан тул үйлдвэрт хүүхдүүд ч ажиллаж байв.
Энэ үед 800 мянга гаруй норвегичууд шинэ амьдрал хайн Америк руу цагаачилсан байна.
Бүрэн тусгаар тогтнол

Шведийн хаантай маргаан үүссэний улмаас Норвегийн парламент 1905 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Швед-Норвегийн холбоо задарсаныг албан ёсоор зарлаж, Норвеги Улс 1814 оны Үндсэн хуулийн дагуу тусгаар тогтнолоо тунхаглаж, Хаант засаглалтай улс болжээ.
Ингээд Данийн ханхүү Карлыг Ослод урьж, шинэ хаанаар өргөмжлөн хаан ширээнд залсан ба Хокүн VII хэмээн нэрлэж байв.
Норвеги Улс 1905 оноос бие даасан улс болж, хот суурин нь тэлж, үйлдвэржилт эрчимжиж, усан цахилгаан станц байгуулагдаж, эрчим хүч хэрэглэх болсон байна.
IV үе. Дэлхийн I ба II дугаар
Дэлхийн нэгдүгээр дайн (1914–1918)
Норвеги Улс дэлхийн нэгдүгээр дайнд оролцоогүй ч дайны уршгаар бараа хомсдож, талх, кофе, элсэн чихэр зэрэг хүнсэнд норм тогтоож байв.
Норвегийн үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн
Дайны хор уршгаар дэлхий даяар эдийн засгийн хямралд өртөж, олон Норвеги хүн ажилгүй болсон байна. 1600-аад оноос эхтэй ч 1880-аад оноос илүү зохион байгуулалтад орсон Норвегийн үйлдвэрчний эвлэлээс ажилчдын хөдөлгөөн өрнүүлж, ажлын цагийг богиносгох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн тэтгэмж зэрэг асуудлаар хандаж, холбогдох эрхийг авч чаджээ. Норвегид эмэгтэйчүүдийн хөдөлгөөн 1880-аад оноос идэвхжиж, 1913 оноос эхлэн эмэгтэйчүүд сонгууль өгөх эрхтэй болсон.
Дэлхийн хоёрдугаар дайн (1939–1945)

Герман Улс 1939 онд Польшийг эзэлсэнээр дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн ба 1940 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Норвегийг эзэлсэн байна. Богино хугацааны тулалдаан хийсний дараа хаан болон Засгийн газрынхан Англи руу дүрвэн гарч, тэнд тэмцлээ үргэлжлүүлэх болжээ. Адолф Гитлерийг дэмжигч Видкун Квислингийн Засгийн газар дотооддоо байгуулагдсан байна. Гэвч олон хүн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, нууц сонин гаргаж, хорлон сүйтгэж, партизаны дайн өрнүүлэх болжээ. Энэ үед 50 мянга орчим хүн Швед рүү дүрвэсэн байна. Германчууд нь Финнмарк, Хойд Тромсо мужаас ухрах үедээ тэдгээрийг бүхэлд нь шатаасан түүхтэй. Дэлхийн хоёрдугаар дайнд 10 мянга гаруй норвегичууд амиа алджээ. Тухайлбал, 2100 орчим еврей-норвегийн 773-ыг нь концлагерьт илгээж байсны 38 нь л амьд үлдсэн байдаг.
V үе. Орчин үеийн Норвег

Засаглал: Хаант засаг, Улсын тэргүүн Харолд V хаан
Хүн ам: 5.5 сая (2024), хүн амын 75 хувь нь далайн эргийн хотуудаар амьдардаг
Газар нутаг: 385,178 км²
Хиллэдэг улсууд: Швед, Финланд, Орос
Хэл: Норвег /Бүокмол ба Нюнорск бичиг/
Үндэстэн: Норвег, Сааме /цаатан/
Hутаг дэвсгэрийн нэгж: 15-н филкетэй /аймаг/. Хүн амын тоогоор 1. Акершус 740.700, 2. Осло 724.700, 3. Вестланд 655.200, 4. Рогаланд 504.500 5. Тронделаг 486.000…
Хотууд ба газарзүй: Нийслэл: Осло хот, Том хотууд: Осло, Берген, Трондхейм, Ставангер /дөрвөн том хотууд/
Хамгийн өмнөд цэг: Линдеснес, хойд цэг нь Книвскьёлодден (Нордкапп). Өмнөд цэгээс Хойд цэг хүртэл 2000 км зайтай. Свалбард арал нь Норвегийн харъяанд ордог.
Уулс ба тал нутгийн эзлэх хувь: 50 хувь. Томоохон уулын бүсүүд ихэвчлэн хүн амьдардаггүй, заримд нь мөсөн голууд байдаг
Ой модны эзлэх хувь: 37 хувь
Алдарт фьёорд: Согнефьёорд хамгийн урт (204 км), хамгийн гүн (1,308 м)

Бусад фьёордууд: Гейрангерфьёорд, Нэройфьёорд, Хардангэрфьёорд
Арлууд ба далайн эрэг:
Далайн эргийн шугам: 25.148 км урт
Арал: ~50.000, заримд нь хүн амьдардаг
Арлууд хоорондоо гүүрээр мөн түнээлээр холбогдсон. Мөн усан онгоц /ферри/- ны тогтмол үйлчилгээтэй
Нуур: 450.000 нуур, 18 нь 50 км²-аас том. Хамгийн том нуур - Мьёса (Mjøsa)
Гол, хүрхрээ, мөсөн гол: 20,000 голтoй, хамгийн урт гол: Гломма (Glomma), 614 км. Xүрхрээнүүд нь цахилгаан эрчим хүчний эх үүсвэр болдог.
Мөсөн гол: Хамгийн том - Жостедальсбрээн (Jostedalsbreen), талбай 487 км², зарим хэсэгт 600 м зузаан. Мөсөн голууд жилээс жилд хайлж байгаа.

Хөдөө аж ахуй: Нийт газар нутгийн зөвхөн 3 хувь нь хөдөө аж ахуйн талбай эзэлдэг. Үржил шимт хөрстэй, ус чийгний хангамж сайтай учраас газар тариалан сайтар хөгжсөн. Хүнсний ногоо болоод малын тэжээлийн ургамал их хэмжээгээр тариалдаг. Дарш их хэмжээгээр бэлтгэдэг. Мах-сүүний хосолмол ашиг шимт “Норвегийн улаан” үүлдрийн үхэр нь дэлхийн шилдэг үүлдрүүдийн нэг. Үнээний сүүгээр “Тине” хоршоолол амтлаг бяслаг үйлдвэрлэдэг.
Цаг уур: Гольфстримийн нөлөөгөөр цаг уур зөөлөн. Дөрвөн улиралтай: өвөл, хавар, зун, намар.
Хойд Норвеги нь урт, хүйтэн өвөл, богино зуны улиралтай, шөнө дундын нартай /midnattssol/.
Өмнөд Норвеги нь ихэвчлэн дулаан зуны улиралтай, өвөл нь их цас унадаг.
Баруун Норвегид хавар эрт ирдэг, бороо их ордог, салхи, шуурга ихтэй.
Хамгийн өндөр температур: 35.6°C (Nesbyen, 1970)
Хамгийн бага температур: -51.4°C (Karasjok, 1886)
Тээвэр: Mашин, автобус, галт тэрэг, усан онгоц, онгоц зэрэг олон нийтийн тээврийн сүлжээ сайн хөгжсөн.
Соёл ба шашин: Шашны бүрэн эрх чөлөөтэй. Христ болон хүмүүнлэг /гуманист/ үнэт зүйлс дээр суурилсан хуультай.
Үндэсний үнэт зүйлс: Tэгш эрх, хүний үнэ цэнэ, эрхийг дээдэлдэг.