ИСЛАНД УЛСЫН ТУХАЙ

2024-07-29


Улс төрийн нөхцөл байдал:

Засаглалын хувьд Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улс. Ерөнхийлөгч Гудни Торласиус Ёханессон /2016 оноос/.  Парламент буюу Альтинг нэг танхимтай, 63 гишүүнээс бүрдэнэ. Парламентын сонгууль 4 жил тутамд, пропорционал тогтолцоогоор явагддаг. Парламентын 2021 оны сонгуулиар 9 нам суудал авснаас Эрх чөлөөний нам – 18, Прогрессив  нам – 17, “Зүүний ногоон хөдөлгөөн” нам – 8, Социал-демократ нам – 6, Ард түмний нам – 6, “Piratar” нам – 6, Сэргээн босголтын нам – 5, Төвийн нам – 2 суудал авсан байна. Спикер - Биргир Арманнссон. Ерөнхий сайд - Бьярни Бенедиктссон /2024 оноос/.

Эдийн засаг

Исланд улс нь 370 мянган хүн амтай, 103 мянган км2 талбай газар нутагтай. ДНБ-ний хэмжээ 31 тэрбум ам.доллар, нэг хүнд ноогдох ДНБ – 78 мянган ам.доллар[1]. Эдийн засгийн өсөлт 2023 онд  - 4.1 хувь байсан бол 2024 онд – 1.7 хувьтай байх төлөвтэй. [2]

Исланд нь ЭЗХАХБ-ын бусад гишүүн орнуудтай харьцуулахад харьцангуй бага татвартай зах зээлийн эдийн засагтай. Эдийн засгийн тэргүүлэх салбар нь загас агнуур, загасны аж ахуй бөгөөд тус салбар экспортын орлогын дийлэнх  хувийг дангаараа бүрдүүлдэг. Загасны аж ахуйн салбарт нийт хүн амын 15 орчим хувь нь ажилладаг. Түүнчлэн аялал жуучлалын салбар нь ДНБ-ний 30 орчим хувийг бүрдүүлж байна.

Худалдааны гол түншүүд: Нидерланд, ХБНГУ, АНУ, Их Британи, Норвег, Швед.

Гадаад худалдааны эргэлт 2023 онд 16 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 6,6 тэрбум евро, импорт 9,4 тэрбум байв. Экспортын гол бараа, бүтээгдэхүүн - Хөнгөн цагаан ба хөнгөн цагаан хийц бүхий бүтээгдэхүүн (36 хувь), загас болон далайн бүтээгдэхүүн (32 хувь) бол импортын хувьд гол төлөв ашигт малтмалын бүтээгдэхүүн (13,2 хувь), цахилгаан машин, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд анги (11,7),  цөмийн реактор, бойлер, машин механизм (10,4 хувь) зэргийг импортолж байна. [3]    

Исландад газар нутгийн ердөө 1% нь газар тариалан эрхлэхэд тохиромжтой, ашигт малтмалын нөөц байдаггүй тул  уул уурхайн салбар хөгжөөгүй. Гэсэн хэдий ч Исланд өнөөдөр эдийн засгийн гол үзүүлэлтүүдээр дэлхийд тэргүүлэх байр суурийг эзэлж байна. 1990-ээд он хүртэл Исландын эдийн засаг загас агнуур, загасны аж ахуйгаас бүрэн хамааралтай, төрөлжөөгүй байсан бол тухайн үед хэрэгжүүлсэн хэд хэдэн чухал эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн үр дүгд, тухайлбал загас агнуурын технологийн өөрчлөлт, импортын түлшнээс хараат байдлыг бууруулах зорилгоор газрын гүний дулааны эрчим хүчийг хөгжүүлэх шийдвэр зэрэг нь эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангаж эхэлсэн байдаг.

Өдгөө Исланд Улс цахилгаан, дулааны хэрэгцээгээ усан цахилгаан станц, газрын гүний дулаан зэрэг сэргээгдэх эх үүсвэрүүдээс бүрэн хангадаг. Тухайлбал, цахилгаан эрчим хүчний 70 хувийг УЦС, 30 хувийг газрын гүний дулаанаар, төв халаалтын 90 хувийг гүний дулаанаар, 10 хувийг цахилгаанаар хангадаг. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрэээр жилд 80 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоо байдаг.

Гадаад бодлого

Исланд улс нь НАТО, Европын эдийн засгийн бүс, Европын зөвлөл, НҮБ болон түүний системийн байгууллагуудын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Европын холбоонд ордоггүй, Шенгений хэлэлцээрийн гишүүн улс.

Исланд Улс нь өөрийн гэсэн зэвсэгт хүчингүй бөгөөд тус улсын НАТО дахь гишүүнчлэл, 1951 онд Исланд, АНУ-ын байгуулсан хоёр талын батлан хамгаалах хэлэлцээр тус улсын аюулгүй байдал, батлан ​​хамгаалахын баталгаа гэж үздэг. Тэрээр аюулгүй байдлын тухай ойлголт зөвхөн нутаг дэвсгэрийн хамгаалалтаар хязгаарлагдахаа больж, илүү өргөн хүрээг хамрах тул үй олноор хөнөөх зэвсгийн тархалт, терроризм, байгаль орчны доройтол, санхүүгийн аюулгүй байдал, кибер аюул заналхийлэл, хүний наймаа, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, ядууралтай тэмцэхэд чиглэсэн идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлэхийг зорьдог.

Олон улсын хөгжлийн хамтын ажиллагаа нь Исландын гадаад бодлогын салшгүй хэсэг юм. Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны стратеги нь хүний ​​эрх, жендэрийн тэгш байдлыг хангах, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийн үндсэн дээр ядуурал, өлсгөлөнг бууруулах, нийгмийн шударга бус байдалтай тэмцэхэд чиглэдэг. Хүний эрх, жендэрийн тэгш байдал Исландын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг.

Арктикийн асуудал Исландын нийгэм, эдийн засгийг бүхэлд нь хөндсөн чухал асуудал тул тус улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Арктикийн зөвлөлийн гишүүн орны хувьд Арктикийн байгалийн нөөцийн тогтвортой хийгээд тэнцвэртэй ашиглалт, хамгаалалт, далайн шинэ зам нээх зэрэг асуудалд онцгой ач холбогдол өгдөг. 

Нордикийн зөвлөлийн хүрээнд Швед, Дани, Финланд, Норвег улсуудтай нягт хамтран ажилладаг.

Исландын Засгийн газар Украины эсрэг Оросын түрэмгийлэлийг эрс буруушаадаг бөгөөд ОХУ-ын эсрэг Европын холбооны хориг арга хэмжээг бүрэн дэмжиж байр сууриа илэрхийлж, шаардлагатай санхүүгийн болон хүмүүнлэгийн дэмжлэг туслалцаа үзүүлж байна.