Элчин сайд
2022-11-28

Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны цахим хуудаст зочилж буй эрхэм Таны амар мэндийг эрэн мэндчилье.
Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам нь Норвег, Финланд, Дани, Исланд болон Эстони Улсыг хавсран ажиллаж эдгээр улсуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд улс төрийн харилцааг бэхжүүлэх, худалдаа-хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёл, боловсрол, боловсрол, цахим засаглал, эрүүл мэнд, хүмүүнлэгийн харилцан солилцоог шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд тодорхой зорилтууд дэвшүүлж, хүчин чармайлт гарган ажиллаж байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Финланд Улстай дипломат харилцаа тогтоосны 60 жил, Норвегийн Хаант Улс, Данийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг 2023 онд тус тус ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн бол, 2024 онд Монгол, Шведийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил, Монгол, Исландийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож эдгээр орнуудтай хөгжүүлж буй бидний харилцаа хамтын ажиллагаа шинэ шинэ агуулгаар баяжин, улам бүр өргөжин тэлж байгааг дуулгахад таатай байна.
Суугаа болон хавсран суугаа орнуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэдийн үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагууд, холбоодтой хамтран ажиллах, үйл ажиллагааг нь дэмжих, төрт ёсны өв уламжлал, түүх соёлоо суртачлан таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд бүхий л бололцоо, боломжыг дайчлан ажиллах нь Элчин сайдын яамны ажилтнууд бидний эрхэм зорилгын нэг юм. Энэ хүрээнд иргэд та бүхэнтэй хамтран ажиллаж олон ажил, арга хэмжээг амжилттай зохион байгуулж буйдаа бид баяртай байгаа бөгөөд Элчин сайдын яамныхаа санаачилга, үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж ирсэн нордикийн орнуудад суугаа элэг нэгт монгол ахан дүүс Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эрхэм танд үйлс өөдрөг, ухаан саруул, эрүүл энх, сайн сайхан байхын ерөөлыг өргөн дэвшүүлж хүлээн авна уу.
Хүндэтгэсэн,
Элчин сайд Ц.Мөнх-Өлзий