НОРВЕГ УЛС ЗАМ ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2024-01-25


Норвег Улс зам тээврийн аюулгүй байдлаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд нийт хүн амтай харьцуулсан тоогоор жилд зам тээврийн ослоор эндсэн тохиолдол хамгийн цөөн гардаг улс юм. Тус улсад 2019 онд зам тээврийн осолд нэг ч хүүхэд өртөөгүй улс болж чаджээ.

Тус улсын Зам тээвэр, холбооны яам “Норвегийн зам тээврийн 2002-2011 оны үндэсний төлөвлөгөө”-г 2000 оны 9 дүгээр сард Парламентдаа танилцуулж, 2001 оны 2 дугаар сард батлуулсан бөгөөд энэхүү төлөвлөгөөний хүрээнд “Зам тээврийн аюулгүй байдлын стратеги 2002-2011”-ийг амжилттай хэрэгжүүлжээ.

Стратегийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө Норвег Улсад жилд 12000 гаруй иргэн зам тээврийн ослоор бэртэж, 300 гаруй нас баралтын тохиолдол гардаг байсан бөгөөд Стратегийг баталснаар зам тээврийн ослыг бууруулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээрх Засгийн газар, төрийн бус байгууллага, иргэд олон нийт зэрэг бүхий л талын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангаж чадсан байна.

Стратегийн хүрээнд Засгийн газраас дараахь арга хэмжээг нэн тэргүүнд хэрэгжүүлсэн байна. Үүнд:

- Зам тээврийн аюулгүй байдлын чиглэлээрх хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах,
- Замын аюулгүй байдлыг дараахь байдлаар хангах:
- Шинээр зам байгуулах,
- Замын бартаа, саадуудыг арилгах,
- Замын эргэлтүүдийг аюулгүй болгох,
- Замын голын зураасан тэмдэглэгээг сайжруулах,
- Замын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх,
- Явган зорчигч болон унадаг дугуйтнуудын аюулгүй зөрөх нөхцлийг бүрдүүлэх,
- Замын төлөвлөгөө болон замын чанарын хяналт шалгалтыг сайжруулах,
- Өвлийн бэлтгэлийг эртнээс хангадаг болох,

- Олон нийтийн хандлагыг дараахь зохицуулалтаар өөрчлөх:
- Хурдны хязгаарын зохицуулалт,
- Жолоо барих үедээ гар утас ашиглахыг хориглох,
- Цусан дахь алкохолын дээд хэмжээг 0.2 болгох,
- Дүрэм зөрчсөн тэмдэглэгээг жолооны үнэмлэх дээр хийх,
- Хүнд машины техникийн шалгалтын давтамжийг нэмэгдүүлэх,
- Автомашины аюулгүй байдлын шалгалтын давтамжийг нэмэгдүүлэх,
- Хурдны автомат хэмжигчүүдийг суурилуулах.

- Согтуугаар жолоо барих, хурд хэтрүүлэх, мансууруулах бодис хэрэглэх зэргийн эсрэг цагдаагийн хяналтыг сайжруулах,
- Олон нийтийн замын хөдөлгөөний мэдлэгийг дараахь байдлаар дээшлүүлэх:

- Жолооны сургалтын чанарыг сайжруулах,
- Жолооны дадлага болон дүрмийн сургалтыг 1 сургалтын төв явуулдаггүй болгох,   
- Жолооны үндсэн шалгалтыг өгөхөөс өмнө сургууль дээрээ шалгалт өгдөг болох,
- Жолооны сургалтын төвүүд анхан шатны тусламжийн хичээл заадаг болох.

- Салбарын хэмжээний судалгаа мэдээллийг сайжруулах
- Замын аюулгүй байдлын судалгааны тоог нэмэгдүүлэх, тогтмолжуулах
- Замын хөдөлгөөний ослын эрсдлийн үнэлгээг тогтмол хийх

Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхэд Засгийн газрын яам, агентлагуудаас гаргасан бодлого, шийдвэр, мэдээллүүдийг аймаг, дүүрэг, хороодын хэмжээнд нэгдсэн зохицуулалттайгаар хэрэгжүүлэх тогтолцоог үр дүнтэй бүрдүүлжээ. Жишээлбэл, аймаг, дүүрэг бүр замын аюулгүй байдлын төлөвлөгөөтэй байх, түүндээ хүүхэд сургуульдаа явах аюулгүй байдлын хяналтын жагсаалттай байх, суруулийн ойр орчмын замын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаарх зураг, жишээ бүхий зөвлөмжүүд бэлтгэж тараах г.м.  

Норвег Улс “Зам тээврийн аюулгүй байдлын стратеги 2002-2011”-ийг амжилттай хэрэгжүүлснээр 2000-2018 онд зам тээврийн ослын тохиолдлыг 68% бууруулж чаджээ. Тус улс энэхүү сртатегийг 2011-2018, 2018-2021 онуудад цаг үеийн нөхцөл байдалд тохируулан дахин шинэчлэн хэрэгжүүлж байна.
Жич: “Норвегийн зам тээврийн аюулгүй байдлын стратеги 2002-2011”-ийг дараахь линкээс бүрэн эхээр татан авах боломжтой:
https://www.regjeringen.no/globalassets/upload/kilde/sd/bro/2002/0001/ddd/pdfv/160260-road_safety.pdf

Дээрх чиглэлээрх санал хүсэлт явуулах хаяг: [email protected]