МОНГОЛ УЛСААС КОНПЕНХАГЕН ХОТОД СУУГАА ӨРГӨМЖИТ КОНСУЛД ТАМГА ГАРДУУЛАВ
Монгол Улсаас Данийн Хаант Улсад хавсран суугаа Элчин сайд Ц.Мөнх-Өлзий тус улсын нийслэл Копенхаген хот дахь Өргөмжит консул Йорген Кристен Ринггаардыг 2026 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч уулзан хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Өргөмжит консулын тамгыг гардуулав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Данийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, тэргүүлэх чиглэлүүдийн талаар ярилцаж, ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар санал солилцов. Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Дани Улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, холбогдох дэмжлэг, туслалцааг үзүүлж ажиллахыг Өргөмжит консул Й.Ринггаардаас хүсэж, Элчин сайдын яамны зүгээс шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлэн нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Өргөмжит консул Й.Ринггаард Монгол, Дани хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, Монгол Улсыг суугаа улсдаа сурталчлан таниулах чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.
Й.Ринггаард нь 1995 онд Данийн Олон улсын хөгжлийн агентлагийн “Чөлөөт хэвлэл” төслийн хүрээнд Монгол Улсад ажиллаж эхэлснээс хойш манай улстай тасралтгүй харилцаатай ажиллаж иржээ. Тэрээр 20 орчим улсын хэвлэл мэдээллийн байгууллагад 26 гаруй жил ажилласан арвин туршлагатай бөгөөд өдгөө Дани-Монголын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн, хоёр улсын эрдэмтэн судлаачид, байгууллагуудын археологи, антропологийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхааран ажиллаж байна.
Түүний Монгол, Дани хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, 1997 онд “Найрамдал” медаль, 2021 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнасан байна.