images

Монгол + Нордикийн орнуудын цахим бизнес уулзалт зохион байгуулав

Мэдээ мэдээлэл

2026-04-27

360

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам, МҮХАҮТ-тай хамтран “Монгол + Нордикийн орнуудын бизнесийн боломжууд” сэдэвт цахим бизнес уулзалтыг 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулав. Энэхүү уулзалт нь Монгол Улс, Нордикийн орнууд хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, бизнес хоорондын солилцоог дэмжих хүрээнд Нордикийн бүстэй тусгайлан хийж буй анхны цахим уулзалт болсноор онцлог бөгөөд ногоон, сэргээгдэх эрчим хүч, газрын гүний дулаан, ойжуулалтын салбарт хамтран ажиллах боломж байгааг тодорхойллоо.

Цахим уулзалтад Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Ноос ноолуурын холбоо, Аялал жуулчлалын холбооноос мэдээлэл хийж, Монгол Улсад бизнес эрхлэх сонирхолтой Швед, Норвег, Дани, Финланд, Исландын компани, бизнесийг төлөөлж, Бизнес Швед байгууллага, Бизнес Исланд байгууллага, Бизнес Финланд байгууллага, Данийн бизнесийн байгууллага, Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамдын төлөөлөл зэрэг 14 байгууллагын 43 төлөөлөгч оролцож мэдээлэл авч, санал солилцов.

Цахим уулзалтын мөрөөр Монгол Улс, Нордикийн орнуудын бизнес, хувийн хэвшил хоорондын харилцааг дэмжих, бизнес хоорондын уулзалтуудыг салбар тус бүрээр зохион байгуулахаар тохиролцлоо.