Шенгений бүсэд зорчих иргэдийн анхааралд
Шенгений бүсэд түр хугацаагаар /90-ээс доош хоног/ зорчих иргэдийг Шенгений бүсэд нэвтрэх болон Шенгений бүсээс гарахад хил дээр хурууны хээ, зураг авч бүртгэх шинэ журам 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс Шведийн Хаант Улсад хэрэгжиж эхэллээ.
Шинэ журмын хүрээнд Швед Улсад түр хугацаагаар ирсэн гадаад улсын насанд хүрсэн иргэд Швед Улсаас гарах, ороход /Шенгений бүсээс шууд гарах/ хурууны хээ өгч, зургаа авахуулах бол 12 болон түүнээс доош насны хүүхдүүдийг бүртгэх ч хурууны хээ авахгүй.
Шенгений бүс, Европын Холбооны гишүүн орны иргэд, байнгын оршин суугчдад эл шинэ журам үйлчлэхгүй ч, шинэ журам хэрэгжиж эхэлснээр хилийн шалган дээр дараалал үүсэх магадлалтай тул зорчигчдыг нисэх цагаасаа эрт ирэхийг албаны хүмүүс уриалж байна.
Шенгений бүсэд Австри, Бельги, Болгар, Герман, Грек, Дани, Исланд, Испани, Итали, Латви, Литва, Лихтенштейн, Люксембург, Мальта, Нидерланд, Норвег, Польш, Португал, Румын, Словак, Словени, Унгар, Финланд, Франц, Хорват, Чех, Швед, Швейцар, Эстони Улс орно.