images

УИХ-ЫН ИННОВАЦ, ЦАХИМ БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ЭСТОНИД АЖИЛЛАВ

Мэдээ мэдээлэл

2024-11-27

46

“Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн цахим шилжилтийг дэмжих хүрээнд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал тэргүүтэй УИХ, Ерөнхий сайдын Ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн бүтээмжийн үндэсний хороо, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн төлөөлөл бүхий Ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Таллинн хотноо ажиллав.

            Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Эстони Улсын Рийгикогу /Парламент/-ийн гишүүн, Эстони-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга В.Белобровцевтэй уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр улсын Парламент хоорондын харилцааг бэхжүүлэх, Парламент дахь найрамдлын бүлгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, инновац, цахим хөгжлийг дэмжих, технологийн дэвшилтэй нийцүүлсэн хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцов. 

     Төлөөлөгчид Эстонийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Стратегийн төлөвлөлтийн газрын захирал Мари-Лиис Сууттай уулзаж, Эстони Улсын Засгийн газрын дотоод шилжилт, цахим засаглалын талаар танилцаж, e-cabinet, e-consultation системийн талаар туршлага судлав. Түүнчлэн Эстонийн Хууль зүйн яамны дэргэдэх Бүртгэл, мэдээллийн системийн төвд зочилж, хуулийн этгээдийн бүртгэлийн цахим системийн талаар, мөн Таллины “Taltech” техникийн их сургуульд цахим засаглалын хөтөлбөрийн талаар мэдээлэл авлаа. 

      Таллинны бизнесийн инкубатор төв, Цахим засаглалын академи, и-Брифинг төвд тус тус зочилж, Эстони Улсын цахимжуулалтын үйл явц, үүнтэй холбоотой сорилт, бэрхшээл, мэдээллийн технологийн дэд бүтцийн хөгжил, цахим шийдэл, үйлчилгээ, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, x-road мэдээллийн солилцооны систем, сонгуулийг цахим хэлбэрээр зохион байгуулах технологийн талаар танилцаж, судлав.