images

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц.ДАВААСҮРЭН ФИНЛАНДЫН БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2024-03-18

452

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн 2024 оны 3 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Финланд Улсад ажлын айлчлалын хүрээнд ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй барилга, хэсэгчилсэн халаалтын технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Финландын зарим аж ахуй нэгж, компаниудын төлөөлөлтэй уулзалт хийв. Уулзалтад “Бизнес Финланд”, Азийн хөгжлийн банкны төлөөлөл, дээрх чиглэлээр мэргэшсэн Финландын “Granlund”, “Oilon”, “Steady Energy” зэрэг компанийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож, өөрсдийн үйл ажиллагааны чиглэл, Монгол Улстай хамтран ажиллах боломжийн талаар сонирхолтой олон саналаа танилцуулав. Тухайлбал, газрын гүнийн дулаан, элсний цэнэг хуримтлуулагч, үйлдвэрүүдээс ялгарах дулааныг татаж ашиглах зэрэг технологийн талаар дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг Oilon компанийн экспертүүд танилцуулга хийж, цаашид монголын талтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.

Түүнчлэн Ц.Даваасүрэн сайд Финландын эрчим хүчний тэргүүлэгч “Wartsilla” компанийн төв офист 3 дугаар сарын 15-нд зочилж, тус компанийн Бизнесийн хөгжлийн захирал М.Болл-той уулзах үеэрээ байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй хослуулсан эрчим хүчний боломжит өөр эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр тус компанитай хамтран ажиллах талаар  санал солилцож дэлгэрэнгүй ярилцав. Тус компани нь салбартаа дэлхийн тэргүүлэгч,180 гаруй оронд эрчим хүч хадгалах 110 систем, 76 GW чадал бүхий цахилгаан станц байгуулсан бөгөөд 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ухаалаг ашигласан Монгол Улсын эрчим хүчний зохистой тогтолцооны моделийг гаргаж, 7 хоногийн ачаалалтай нь үзүүлж тайлбарлав. Уг моделийн танилцуулгад дурдсанаар 2030 он гэхэд 383 сая ам долларын хэмнэлт гарч, нүүрс хүчлийн ялгаралт багасаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний өртөг бүхэлдээ буурч, улмаар уян хатан хөдөлгүүрийн технологи нэвтрүүлснээр нүүрсээр ажиллах нэмэлт станц шаардагдахгүй болно гэжээ.