images

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД ФИНЛАНД УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

Мэдээ мэдээлэл

2024-03-18

534

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн 2024 оны 3 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Финланд Улсад ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Ц.Даваасүрэн сайд Финланд Улсын Хүрээлэн буй орчны яамны Байнгын төрийн нарийн бичгийн дарга /Дэд сайд/ Ю.Дамскитай 3 дугаар сарын 14-нд уулзаж, хотын төлөвлөлт, дахин төлөвлөлт, ногоон барилга, хэсэгчилсэн инженерийн дэд бүтэц, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний эс үүсвэрт суурилсан халаалтын технологи, шийдлийн талаар ярилцаж санал солилцов.

Уулзалтаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын барилгын салбарын нөхцөл байдал, сорилт, бэрхшээл, тэр дундаа гэр хорооллын дахин төлөвлөлт, нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах Засгийн газрын бодлогыг товч танилцуулж, энэ талаар Финландын туршлагаас судлах, тус улсын өндөр технологийн шийдэл бүхий хэсэгчилсэн дулаан хангамжийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо  илэрхийлэв.

Финланд Улсын Хүрээлэн буй орчны яамны Байнгын төрийн нарийн бичгийн дарга Ю.Дамски хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг дурдсан чиглэлээр идэвхжүүлэх өргөн нөөц бололцоо буйг дурдаад, сэрүүн орны хувьд Финланд нь хотын төвлөрлийг бууруулах, хэсэгчилсэн халаалтын тогтолцоог нэвтрүүлэх тэргүүний шийдэлтэй, ногоон эрчим хүчний зохистой харьцааг бий болгосон сайн технологитой, хот байгуулалтын эрх зүйн зохицуулалтыг сайн шийдсэн тул энэ чиглэлээр хамтран ажиллах монголын талын саналыг бүрэн дэмжиж байна гэв. Мөн Финландын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хэтийн зорилго, Финландын “Тойрог эдийн засаг” бодлогын талаар товч танилцуулав.

            Түүнчлэн Финландын ГХЯ-ны Байнгын төрийн нарийн бичгийн дарга /Дэд сайд/ Ярно Сиряала Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнг хүндэтгэн 2024 оны 3 дугаар сарын 15-нд өдөр зоог барив. Энэ үеэр талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцож, Финландын Эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн яам, Азийн хөгжлийн банкны төлөөлөл Финланд Улсын эрчим хүчний салбар, тэр дотроо ногоон сэргээгдэх эрчим хүчний талаарх бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, Монгол Улстай хамтран ажиллах боломжийн талаар илтгэл тавьж танилцуулав.