Монгол - Эстонийн харилцаа
2026-01-29
МОНГОЛ, ЭСТОНИЙН ХАРИЛЦААНЫ
ДЭЛГЭРЭНГҮЙ ЛАВЛАХ
Монгол Улсын Бага Хурлын 1991 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус чуулганы 59 тоот тогтоолоор Эстони Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Улсын Бага Хурлын мөн оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 65 тоот тогтоолоор Бүгд Найрамдах Эстони Улстай дипломат харилцаа тогтоох шийдвэр гарсан. Улмаар Монгол Улс, Бүгд Найрамдах Эстони Улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Москва хотноо гарын үсэг зурсан байна.
Монгол Улс Стокхолм дахь ЭСЯ-наас, Эстони Улс Бээжин дэх ЭСЯ-наас тус тус хавсран сууж байна. Эстони Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд сайд Ханнес Хансо 2023 онд, Монгол Улсаас Эстони Улсад Стокхолм хотоос суугаа Элчин сайд Ц.Мөнх-Өлзий 2025 онд ИЖБ-ээ тус тус барьсан.
Улс төрийн харилцаа:
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2003 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдөр Бүгд Найрамдах Эстони Улсад албан ёсны айлчлал хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Эстони Улсад хэрэгжүүлсэн анхны айлчлал болсон. Айлчлалын явцад Монгол Улсын Ерөнхийлөгч Эстонийн Ерөнхийлөгч Арнолд Руутелтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд санал солилцсон. Ерөнхийлөгчийн Эстони Улсад хийсэн энэхүү айлчлалын үеэр Радио, телевизийн байгууллагуудын хамтын ажиллагааны Гэрээнд гарын үсэг зурсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Бээжин хотноо болсон АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтын үеэр Эстонийн Ерөнхий сайд Андрус Ансиптэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны 11 дүгээр сарын 5-7-ны өдөр Вьентьян хотноо болсон АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтын үеэр Эстонийн Ерөнхий сайд Андрус Ансиптэй уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон.
Эстонийн Парламент (Рийгикогу)-ад Эстони-Монголын парламентын бүлэг 9 хүний бүрэлдэхүүнтэй анх 2003 оны 5 дугаар сарын 27-ны өдөр, УИХ-д Монгол-Эстонийн парламентын бүлэг мөн анх удаа 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2003 оны 6 дугаар сард байгуулагдаж байв. Өдгөө Бүгд Найрамдах Эстони Улсын Парламентад Монголтой харилцах найрамдлын бүлэг 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 2024 оны 4 сард байгуулагдан бүлгийн даргаар Парламент (Рийгикогу)-ын гишүүн Вадим Белобровцев ажиллаж байна. 2024 оны сонгуулиар бүрдсэн УИХ-д Эстонитай харилцах бүлэг 7 гишүүнтэй, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ч.Анар томилогдсон.
2003 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохиогдсон Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын V бага хуралд Эстонийн парламентын гишүүн, Эстонийн Парламент (Рийгикогу) дахь Эстони-Монголын найрамдлын бүлгийн дарга М.Соосар оролцсон.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Эстонийн парламентын бүлгийн дарга Х.Ганхуяг Бүгд Найрамдах Эстони Улсын 14 дүгээр парламентын гишүүн, парламент (Риигикогу) дахь Эстони-Монголын парламентын бүлгийн дарга Кайдо Хөөвелсонтой 2021 оны 5 дугаар сарын 15-нд цахим уулзалт хийж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан айлчлал хэрэгжүүлэх талаар санал солилцсон.
2016 оны 7 дугаар сард зохион байгуулагдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхий сайд Таави Ройвас оролцож, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хоёр талын уулзалт хийж байсан.
Эстонийн Гадаад хэргийн сайд У.Паэт Улаанбаатар хотноо 2012 оны 7 дугаар сард болсон АОХН-ийн Удирдах зөвлөлийн хуралдаанд, Гадаад хэргийн дэд сайд М.Лаанемае Улаанбаатар хотноо 2013 оны 4 дүгээр сард болсон АОХН-ийн сайд нарын бага хуралд тус тус оролцсон.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, ЗГХЭГ-ын МТХ-ийн дарга Ж.Тамир, ХХМТГ-ын МТБЗХ-ийн дарга Б.Билэгдэмбэрэл, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Аптан-Очир, “Монгол шуудан” компанийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн захирал Ч.Золбаяр нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Эстони Улсад 2019 оны 9 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглах замаар төрийн бодлого боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээ, мэдээллийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран иргэдэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж, түүнд суурилсан цахим засгийн үйлчилгээг хөгжүүлсэн Эстони Улсын туршлагаас судлах, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаар тохирсон.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2024 оны 3 дугаар сарын 27-28-ны өдөр Бүгд Найрамдах Эстони Улсад ажлын айлчлал хийв. Ажлын айлчлалын хүрээнд сайд Л.Энх-Амгалан Эстонийн Боловсрол, эрдэм шинжилгээний сайд Кристина Калласт, Эстони Улсын Парламент (Риигикогу)-ын гишүүн Вадим Велоброцевтой тус тус уулзаж, боловсролын магадлан итгэмжлэл, үнэлгээ, цахим шилжилт, багш бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсоны сацуу хоёр улсын Парламент хоорондын харилцааг идэвхжүүлэх, Эстонийн Парламентад Монгол Улстай харилцах бүлгийг сэргээн байгуулах асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон.
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал тэргүүтэй УИХ, Ерөнхий сайдын жлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн төлөөлөл бүхий ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдөр Таллин хотноо ажлын айлчлал хийсэн. Ажлын айлчлалын хүрээнд Эстонийн Парламент (Рийгикогу)-ын гишүүн, Парламент (Рийгикогу)-ын дахь Монголтой харилцах парламентын бүлгийн дарга В.Белобровцевтэй 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр уулзаж, хоёр улсын Парламент хоорондын харилцааг бэхжүүлэх, Парламент дахь найрамдлын бүлгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, боловсрол, соёл, инновац, цахим хөгжлийг дэмжих, технологийн дэвшилтэй нийцүүлсэн хууль эрх зүйн орчинг сайжруулах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцсон.
Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Таллин хотноо 2025 оны 10 дугаар сарын 8-10-ны өдөр зохион байгуулагдсан “Онлайн эрх чөлөөний эвсэл”-ийн гишүүн орнуудын сайд нарын түвшний уулзалтад оролцох үеэр Бүлгийн дарга Вадим Белобровцевтой уулзаж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Эстони-Монголын парламентын бүлгийн төлөөлөгчдийг 2026 оны 3 дугаар сард Монгол Улсад айлчлуулах асуудлаар ярилцан тохиролцсон.
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Эстони Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр болсон. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Европын газрын дэд захирал Б.Мандахбилэг, эстонийн талаас ГХЯ-ны Улс төрийн газрын захирал М.Волмер тус тус удирдан хоёр орны улс төр, эдийн засаг нийгмийн байдал, олон улсын байдлын талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсон.
Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр цахимаар зохион байгуулж, монголын талаас ГХЯ-ны ЕАГ-ын захирал М.Цэнгэг, эстонийн талаас эстонийн талаас ГХЯ-ны Улс төрийн газрын захирал Лембит Уйбо нар даргалав. Зөвлөлдөх уулзалтаар хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх асуудлыг талууд хөндөж ярилцсан.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2022 оны 12 дугаар сарын 9-нд болсон ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 29 дүгээр уулзалтын үеэр Бүгд Найрамдах Эстони Улсын Гадаад хэргийн сайд Урмас Рэйнсалутай уулзсан. Уулзалтын үеэр хоёр талын ГХЯ-д хоорондын улс төрийн 3 дугаар зөвлөлдөх уулзалтыг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах, Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцсон. Улмаар Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн гуравдугаар зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Европын газрын захирал Г.Баттунгалаг, эстонийн талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Матти Мурд нар даргалсан. Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Эстони Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн захирал Матти Мурдыг мөн өдөр хүлээн авч уулзан, харилцааны зарим асуудлаар ярилцсан.
Монгол, Эстонийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2021 онд тохиож, 11 дүгээр сарын 20-ны өдөр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар баярын утас харилцан солилцсон.
Худалдаа, эдийн засгийн харилцаа:
Монгол Улс ЗХУ-ын үед /хуучнаар/ Эстони Улстай худалдааны харилцаатай, тус улсаас өргөн хэрэглээний зарим бараа тухайлбал, лаазалсан нөөш, түлшний зориулалттай аппарат хэрэгсэл, тусгай хувцасны даавуун материал авдаг байсан. Монголын хувийн зарим пүүс, компани Эстонийг сонирхож, харилцаа тогтоохыг эрмэлзэж ирсэн бөгөөд 2003 оны эхээр Таллинд монголын ноолуурын «Говь» компанийн төлөөлөгчид айлчилж байв. Түүнчлэн 1999 оны 8 дугаар сард манай төлөөлөгчид банкны шинэчлэлийн туршлага судлах ажлаар Эстонид айлчилсан.
Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тогтмол санал солилцож ажиллах хамтын ажиллагааны механизм чухал. Иймд энэ ажиллагааг зохицуулсан Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны бүтэц /механизм/ бий болгох сонирхолоо манай талаас олонтаа илэрхийлсэн. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Эстонийн ГХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Всьевовтой 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Таллин хотноо /УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралын айлчлалын үеэр/ уулзахад Эстони Улс Засгийн газар хоорондын комисс зэрэг ижил төрлийн хамтын ажиллагааны механизмыг байгуулахгүй бодлого баримталж буйг айлын талаас тэмдэглэж, салбарын яамд хоорондын хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах боломжтойг онцолсон.
Цахим засаглал, мэдээллийн технологийн хамтын ажиллагаа:
Монгол, Эстонийн харилцаа, хамтын ажиллагаа цахим засаглал, мэдээлэл технологийн салбарт идэвхтэй өрнөж байна. 2019 онд Эстонийн И-Засаглалын академитай Монгол Улсын Засгийн газар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, цахим хөгжлийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх, И-Монгол платформыг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ авсны үндсэн дээр 1 000 гаруй төрийн үйлчилгээ хэрэглээнд нэвтэрч, И-Монгол 4.0 хувилбарыг 2024 онд олон нийтэд танилцуулсан.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим засаглалын академи хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2022 оны 4 сарын 8-ны өдөр байгуулсан. Санамж бичигт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ эстонийн талаас Цахим засаглалын академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток нар гарын үсэг зурсан. Гүйцэтгэх захирал Ханнес Асток Монгол Улсад ажиллах үеэрээ “Цахим Засаглал”-ын академийн Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн алба хаагчдад “Эстони Улсын цахим засаглал ба түүнийг бүрдүүлэгч блокууд” сэдвээр сургалт хийсэн.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал 2023 оны 9 дүгээр сарын 5-9-ний өдөр Бүгд Найрамдах Эстони Улсад ажлын айлчлал хийж, “Таллины дижитал чуулган” болон “Нээлттэй засаглалын түншлэл” дээд түвшний уулзалтад тус тус оролцов. Айлчлалын хүрээнд сайд Н.Учрал Эстонийн Парламент (Рийгикогу)-ын дарга Лаури Хуссар, Эдийн засаг, харилцаа холбооны сайд Тийт Рийсало, Засгийн газрын Төрийн нарийн бичгийн дарга Т.Петеркоп зэрэг албаны хүмүүстэй хоёр талын уулзалт хийж, Эстонийн цахим засаглал, цахимжуулалтын асуудал эрхэлсэн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр Эстонийн Цахим засаглалын академитай цахимжилтын 2 дахь түвшний хамтын ажиллагааг эхлүүлж, ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, Цахим засаглалын академийн захирал Ханнес Асток нар Монгол Улсын ЦХХХЯ болон Эстонийн Цахим засаглалын академи хооронд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан.
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал тэргүүтэй УИХ, Ерөнхий сайдын Ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн бүтээмжийн үндэсний хороо, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн төлөөлөл бүхий Ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдөр Таллин хотноо ажиллав. Ажлын айлчлалын хүрээнд төлөөлөгчид Эстонийн холбогдох байгууллагад хоёр талын уулзалт хийж, Эстонийн цахим засаглал, цахимжуулалтын асуудал эрхэлсэн гол байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав.
Соёл, хүмүүнлэг:
Хоёр улсын соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд Тартугийн их сургуулийн Дорно дахины судлалын хүрээлэн Монгол судлалын төвийг 2023 оны 3 дугаар сарын 24-ны өдөр нээж, Элчин сайд Т.Жанабазар нээлтийн ажиллагаанд оролцох үеэрээ тус төвд 100 гаруй монгол ном, судалгааны материал хандивлсан. Монгол судлалын төв Эстонид нээгдсэнээр монгол судлалыг хөхиүлэн дэмжих, түүх, үндэсний соёлын өвийг өргөн хүрээнд судлах, нээн илрүүлэх, баталгаажуулах, судалгааны эргэлтэд оруулахад онцгой ач холбогдолтой.
Монгол, Эстонийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Чойжин ламын сүм музейн “Хот мандал-Нууц тарнийн сүм” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Эстонийн хамгийн том их сургууль болох Тартугийн их сургуулийн дэргэдэх Тартугийн үндэсний музейд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс нэг сарын хугацаанд толилуулсан. Үзэсгэлэнгийн нээлтэд Элчин сайд Т.Жанабазар, Эстонийн Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Мати Мурд, Эстони дахь Монгол Улсын Өргөмжит консул Лийзи Каринди, Эстонийн Цахим засаглалын академийн захирал Ханнес Асток, Тартугийн их сургуулийн Ректор Томас Ассер нарын албаны хүмүүс оролцов. Энэ үеэр Дорно дахин судлалын төвийн судлаач Март Лаанемец “Буддын урлагийн бэлгэ тэмдэг”, Швейцарын Бернийн их сургуулийн Шашин судлалын хүрээлэнгийн доктор Б.Мөнгөнчимэг “Цам бүжгийн шинэ уламжлал” сэдвээр тус тус илтгэл тавьж, Эстонийн урлаг судлаач, “Ориент Эстони” төвийн захирал Петер Ваахи өөрийн бүтээсэн “Чингис хааны нутгаар” баримтат киног толилуулсан.
Эстони Улсын “Таллины хар шөнө-олон улсын кино наадам”-д 2022 онд “Хаадын хаан пикчерс” ХХК-ны найруулагч Д.Баттөмөрийн бүтээл “ТРИО” уран сайхны кино уригдан оролцсон бол 2024 оны наадамд найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Чимээгүй хотын жолооч” уран сайхны кино Гран при шагнал хүртсэн. 2025 оны наадамд найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Ханын зураач” уран сайхны кино үндсэн уралдаант хэсэгт шалгарч, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нээлтээ хийнэ.
СТОКХОЛМ ДАХЬ ЭСЯ
2026 он