НОРДИКИЙН УСТӨРӨГЧИЙН САЛБАРЫН ЧИГ ХАНДЛАГА

2024-02-14


Нордик бүс нутгийн устөрөгчийн салбар

Норвег, Швед, Дани, Финланд, Исланд болон Эстони зэрэг орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэглэх(NZE)[1] урт хугацааны төлөвлөгөөндөө устөрөгч үйлдвэрлэх, түүгээрээ гангийн үйлдвэрлэл, газрын тосны боловсруулалт, далайн тээвэр зэрэг хүнд аж үйлдвэрийн салбаруудын эрчим хүч, түлшний хэрэгцээг хангана хэмээн төлөвлөн ажиллаж байна. Иймд нордикийн аж үйлдвэрийн салбарынхан бизнесийн боломжуудыг эрэлхийлэх, засгийн газрууд бодлого журам боловсруулж тус салбар дахь хүчтэй оролцогч болохоор байр сууриа тодорхойлж байна.

Шведийн Эрчим хүчний агент, Бизнес Швед, Инновац Норвег, Бизнес Финланд зэрэг байгууллагуудаас тус улсуудын аж үйлдвэрийн салбарын 35 компаниас авсан мэдээлэлд үндэслэн гаргасан Нордик устөрөгчийн салбарын тайлан[2]-д бүс нутгийн устөрөгчийн нөөц бололцоо, дамжуулах шугам сүлжээ, салбарын ажиллах хүчин, санхүүжилтийн шийдэл зэрэг дэд бүтцийн болон хөрөнгө оруулалтын шийдлийн талаар тусгажээ. Нордикийн орнууд 2050 он хүртэл эрчим хүчний үйлдвэрлэлээ 45%-иар нэмэгдүүлэх, 2030 он хүртэл 150гегаватт эрчим хүчийг электролизийн аргаар ус төрөгч хэлбэрт шилжүүлэх, мөн Европын комиссын Нөхөн сэргээх, уян хатан болгох байгууламж(RRF)[3]- 14 тэрбум еврог устөрөгчийн салбарын хөгжлийг хурдасгах, судалгаа шинжилгээнд зарцуулахаар төсөвлөсөн байна.

2030 он хүртэл нордикийн устөрөгчийн эрэлтийн дийлэнхийг Шведийн ган, төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбар эзлэх ба 2040-2050 онд Финланд, Данийн хүнд аж үйлдвэрийн салбарын устөрөгчийн түлшний эрэлт нэмэгдэх байдлаар урьдчилан тооцоолжээ.

Зураг 1. Нордик бүс нутгийн 2020-2050 оны устөрөгчийн үйлдвэрлэл, эрэлт, экспортын хэмжээний прогноз  (тэраватт)

2020-2021 онд 21 тэраватт устөрөгчийг малтмал түлшнээс (саарал устөрөгч) үйлдвэрлэж байсан бол 2030 он гэхэд цэнхэр болон ногоон 211 тэраватт устөрөгч үйлдвэрлэх, үүний 110 тэраваттийг дотоод хэрэгцээгээ хангах, 101 тэраваттийг бусад европын улсруу экспортлох прогноз гаргасан байна. Цаашлаад 2050 гэхэд 559 тэраватт ус төрөгч үйлдвэрлэх, үүний 280-ийг дотоод эрэлт хэрэгцээгээ хангах, 279-ийг экспортлохоор тооцсон байна.

Устөрөгчийн ангилал

Нордик бүс нутагт 2020/2021 онд устөрөгчийг зөвхөн малтмал түлш, нүүрс зэргийг боловсруулах аргаар гаргаж авч байгаа бол ирээдүйд агаар дахь нүүрсхүчлийн хийг сорж эрчим хүч үйлдвэрлэх, нөөцлөх (CCS/CCU)[1], электролизийн технологийн аргаар боловсруулахаар төлөвлөж байна. Эдгээр устөрөгчийн үйлдвэрлэж буй аргаар нь саарал, цэнхэр, ногоон гэж 3 ангилдаг. Малтмал түлш, байгалийн хий, нүүрсийг боловсруулах аргаар гаргаж авсныг саарал устөрөгч, агаар мандлаас нүүрсхүчлийн хийг хуримтлуулж боловсруулсныг цэнхэр устөрөгч, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гаргаж авсан цахилгааныг электролизжуулан боловсруулсныг ногоон устөрөгч гэх аж.

Зураг 2. Устөрөгчийн төрлүүд

Бодлого

Нордикийн улсууд нь устөрөгчөөс гаргаж авсан эрчим хүч нь ган төмөр, химийн боловсруулалт, далайн тээвэр г.м хүнд аж үйлдвэрийн салбаруудын хүлэмжийн хийн ялгаруулалтын бууруулах гол хүчин зүйл гэж байна. Мөн өнөөгийн геополитикийн нөхцөл байдлаас үүдсэн эрчим хүчний хараат байдал, нийлүүлэлтийн хомсдлын эрсдлийг бууруулна гэж үзжээ.

Европын хүлэмжийн хийг 2030 он гэхэд 55%-иар бууруулах зорилтын хүрээнд баталсан Fit for 55 багц журмын “REPowerEU”[1] төлөвлөгөөндөө ОХУ-ын байгалийн хий, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, устөрөгчийн салбарын хөгжлийг хурдасгана хэмээн тусгасан байна.

Санхүүжилт

Нордикийн улсууд нь Европын комиссын шугамаар устөрөгчийн салбарт зарцуулсан төсвөөр тооцоо судалгаа хийх ба төслийн ерөнхий зардлуудыг улсын төсвөөр санхүүжүүлэх, мөн ЕХ-ны бусад улсаас нээлттэй болон хаалттай хөрөнгө оруулалтын татах аж. Норвегийн баялгийн сан 2023 оноос эхлэн сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийн салбарт хаалттай хөрөнгө оруулалт байршуулж эхэлсэн байна. 2023 оны хувьд тус хэлбэрийн хөрөнгө оруулалт тус сангийн нийт хөрөнгө оруулалтын 0.1%-ийг эзэлсэн (3.7% өгөөжтэй) ба цаашид уг төөрлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Дэд бүтэц

Европын орнуудын European Hydrogen Backbone[2] гэх устөрөгчийн дэд бүтцийн төсөл нь 2040 он гэхэд 80-140 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтаар 53,000км устөрөгчийн шугам сүлжээ, нөөцлүүр байгуулах, үүний 60%-ийг бэлэн байгаа газын шугамыг сэргээн засварлах, 40%-ийг шинээр барихаар төлөвлөжээ.

 

Зураг 3. European Hydrogen Backbone устөрөгчийн дэд бүтцийн 2040 он гэхэд бүтээн байгуулах төлөвлөгөөний зураглал

Шведийн хувьд 2030 он гэхэд хойд бүс нутгийн уурхай, гангийн үйлдвэрүүд, болон химийн боловсруулах үйлдвэрүүдэд устөрөгч нийлүүлэх дэд бүтцийг хөгжүүлэх, оффшор салхин турбинаар устөрөгч үйлдвэрлэх, дамжуулах, Финланд-Швед-Эх газрын Европыг холбох зэрэг ажлыг голлон гүйцэтгэх ба, бусад нордикийн орнууд шугам сүлжээний холболт, электролизийн станцууд барих ажлуудыг голлон төлөвлөсөн байна.

Ган, төмөр боловсруулах HYBRIT технологи

Скандинавын хамгийн том гангийн үйлдвэрлэлийн SSAB ХК, Шведийн төрийн өмчит уул уурхайн компани LKAB болон Европын томоохон эрчим хүчний Vattenfall компани нар 2016 онд хамтран ширмэн зууханд нүүрс шатааж ган, төмрийг боловсруулах аргаас өөр байгальд ээлтэй арга, эх үүсвэрүүдийг судалж эхэлсэн байна. Өдгөө HYBRIT[1] нэртэй устөрөгчөөр ган, төмрийг боловсруулах технологийг ашиглан 2026 онд зах зээлд бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахаар ажиллаж байна Мөн SSAB ХК 2030 он гэхэд тус өөрсдийн үйлдвэрээс ган төмөр үйлдвэрлэхэд ялгардаг асар их хүлэмжийн хийг байхгүй болгох иж бүрэн төлөвлөгөөг хэрэгжүүлж байна.

ДҮГНЭЛТ

Нордик гэлтгүй дэлхий дахинаа ирээдүйн эрчим хүчний чиг хандлагыг устөрөгчийн үйлдвэрлэл гэж харж байна, түүнчлэн устөрөгчийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ дунд болон урт хугацаанд нэмэгдэж тус салбар өргөжсөнөөр устөрөгчийн техникийн үнэ өртөг багасах төлөвтэй байна.

Манай орны хувьд одоогоор Швед болон нордикийн орнуудын адилаар сэргээгдэх эрчим хүчээр ус төрөгч үйлдвэрлэх, электролиз хийх туршлага, нөөц бололцоо бага хэдий ч, нүүрсийг гүн боловсруулж хийжүүлэх замаар устөрөгч гаргаж авах, түүгээрээ дулаанаа хангах, төмрийн хүдэр боловсруулах зэрэг хүнд аж үйлдвэрийн салбарт нэвтрүүлснээр  нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, экспортлох боломжууд бий гэж үзэж байна.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд байгуулагдсан Аж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх Үндэсний хорооны дэргэдэх Нүүрс гүн боловсруулах дэд хороо байгуулагдсан. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас 2022 оны 9 дүгээр сард захирамж гаргаж, зарим яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар, нүүрс-химийн чиглэлийн эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулалтын чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтарсан Ажлын хэсгийг байгуулсан.

Дээрх Дэд хороо, Ажлын хэсгийн гишүүд нордикийн уул уурхай, ган төмрийн үйлдвэрлэлийн салбаруудын компаниудтай бизнес уулзалт зохион байгуулах мөн их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд уг чиглэлээр судалгааны ажил хамтран хэрэгжүүлэх талаар хэлэлцэх боломжтой, хоёр талын сонирхол өндөр гэж үзэж байна.