НОРДИКИЙН ОРНУУД ХИЙМЭЛ ОЮУН УХААН AI /ARTIFICIAL INTELLIGENCE/-ЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ БАЙНА

2024-01-25


 

Нордикийн орнууд хиймэл оюун ухааныг худалдаа, эдийн засаг, санхүү, үйлдвэрлэл, үйлчилгээ, тээвэр, эрчим хүч, батлан хамгаалах, эрүүл мэнд, нийгмийн халамж зэрэг олон салбарт идэвхтэй ашиглахад анхаарч, энэ чиглэлээр урт хугацааны бодлого хэрэгжүүлж байна.

Хиймэл оюун ухаан- AI /Artificial intelligence/ нь нийгэм, эдийн засаг, бизнес болон хувь хүмүүст ихээхэн нөлөө үзүүлэх болжээ. Өөрөөр хэлбэл дата буюу мэдээллийн сан, програмчлал, нөөц, чадварыг эзэмшсэн нь илүү хөгжих боломжтой болсон байна. Хиймэл оюун ухааны хөгжил Deep Learning буюу алгоритмыг ашиглан хүний тархитай хамгийн ойролцоо бөгөөд өөрөө суралцдаг илүү ухаалаг машины шинэ эрин үед биднийг хөтөлж байгаа ба энэ нь тодорхой ажлыг хийлгэхээр компьютерыг програмчлахын оронд түүнийг хэрхэн суралцахыг програмчилдаг ахисан шат Machine Learning юм. Хиймэл оюун ухааны 3 дахь давалгаа 2020 оноос эхэлж байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа ба цахим мэдээллийн цар хүрээ, компьютерын хүчин чадал асар хурдацтай нэмэгдэхийн хэрээр хэдхэн жилийн өмнө компьютер 100 мянган өгөгдөл дээр ажиллаж байсан бол өнөөдөр 100 сая өгөгдөл дээр хэдэн арав дахин хурдан бөгөөд илүү олон үйлдлийг ухаалгаар гүйцэтгэх боломжтой болсон байна.    
Нордикийн орнууд автомашин, уул уурхай, аж үйлдвэр, ойн аж ахуйг автоматжуулах, эрүүл мэнд, нийгмийн халамж, тээврийн салбарт хиймэл оюун ухааны хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа, шинжилгээг эрчимтэй хийж байна. Бүс нутгийн хэмжээнд техникийн салбарт тэргүүлэгч 5 их сургууль хамтран Нордикийн бүс нутгийг хиймэл оюун ухааны судалгаа, боловсрол, инновацын дэлхийн төв болгох зорилгоор Нордикийн AI сүлжээ болох Nordic Five Tech холбоог 2019 онд үүсгэн байгуулж, боловсролын нөөц бололцоог дайчлах, судалгаа шинжилгээ, шилдэг туршлага, загварыг судлах, хуваалцах зэргээр хамтран ажиллаж байна. Энэ чиглэлээр суралцах оюутнуудын тоо ч жилээс жилд нэмэгдэх болжээ.  

Уул уурхай, аж үйлдвэрийн салбарт
Уул уурхайн алсын удирдлагатай хүнд даацын тээврийн хэрэгсэл нь олборлолтыг илүү аюулгүй, үр ашигтай болгох юм. Тухайлбал, Шведийн Лулеогийн Технологийн Их Сургууль Boliden, Volvo, ABB зэрэг компаниудтай хамтарсан WROOM хэмээх утасгүй, алсын зайнаас ажиллуулах хөдөлгөөнт машины төсөл нь ирээдүйн хүнээс хараат бус уул уурхайн тодорхой жишээ болж байна. Алсын удирдлагатай ачигчийн тусламжтайгаар ачих ажлыг тэсэлгээний дараа шууд эхлүүлэх боломжтой болсон байна. Ингэснээр уурхайн талбайг агааржуулахыг хүлээх шаардлагагүй болж, ажилтнуудын ажлын орчин сайжирсан байна.
Шведийн боловсруулах үйлдвэр асар том мэдээллийн санг бүрдүүлж байгаа ба түүнийг ашиглан Deep Learning-ийн тусламжтайгаар үйлдвэрлэлийн бүтээмж, чанар, уян хатан байдлыг сайжруулж, улмаар энэ салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжтой хэмээн харж байна. Тухайлбал, Шведийн PulpEye, Peltarion, FindIT болон RISE SICS Västerås зэрэг компаниуд хамтран BillerudKorsnäs хэмээх сав баглаа боодлын үйлдвэрлэлийн процессын мэдээллийн санд үндэслэн ахисан түвшний алгоритмыг ашиглан үйлдвэрлэлийн чанар, үр ашигтай байдлыг сайжруулах Deep Process Learning буюу хүнтэй ойролцоо үйлдэл хийх үйлдвэрлэлийн системийг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

Эрүүл мэнд, халамжийн салбарт
Эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, оношилгоог сайжруулах, шинэ эм судлал, эмчилгээ зэрэгт AI-ыг үр дүнтэйгээр ашиглаж байна. Тухайлбал зүрхний бичлэг, рентген, томограф зэрэг маш олон тооны эрүүл мэндийн мэдээллийн санд AI-ийг нэвтрүүлснээр оношилгоонд илүү нарийвчлалыг бий болгож, зүрхний шигдээс, хорт хавдар зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Ийнхүү хиймэл оюун ухааны ачаар хавдрыг эрт илрүүлснээр хорт хавдрын улмаас нас баралтын тоог бууруулах юм. Энэ чиглэлээр Шведийн Каролинска их сургуулийн эмнэлэг хөхний хорт хавдрын шинжилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Финландын Иваскилагийн Их сургуулийн судлаачид арьсны хорт хавдрыг эрт илрүүлэх зорилгоор ухаалаг утсанд суурилуулах AI-д үндэслэсэн өөрийгөө шалгах боломжтой бичил төхөөрөмжийн төсөлд дээр ажиллаж байна.  
Хиймэл оюун ухаан нь асаргаа сувилгаа шаардлагатай хүмүүсийн амьдралын хэв маягийг мөн сайжруулж байна. Жишээ нь: Aifloo SmartBand хэмээх дохиолол өгдөг бугуйвчын ачаар ахмад настнууд бие даасан байдлаа хадгалах  боломжтой болж, хамаатан садан, асрагч нар нь санаа зовох шаардлагагүй болсон байна. Энэхүү бугуйвч нь Cloud-д суурилсан, хиймэл оюун ухаантай хослуулсан алсын зайнаас хөдөлгөөнийг ухаалгаар хянадаг систем юм. Өөрөөр хэлбэл тээгчийн байршил, хөдөлгөөн болон хоол идэж, эм ууж байгаа эсэхийг хянах, мөн аюултай зүйлсийг урьдчилан мэдээлэх, унах г.м гэнэтийн зүйл тохиолдоход дохиолол илгээдэг байна.

Тээврийн салбар, ухаалаг хот
Автомат жолоодлоготой машин, ложистик, тээврийн автомат систем зэргээр AI-ын тусламжтайгаар тээврийн салбар илүү үр ашигтай болсоор байна. Шведийн Volvo компани автомат машин, Ericsson, Telia компаниуд хамтран жолоочгүй 5G цахилгаан микро автобус, Финландын Sensible4 компани аливаа тээврийн хэрэгслийг өвөл гэлтгүй цаг уурын болон бусад бүхий л нөхцөлд тохируулан автомат жолоодлогын системд шилжүүлэх зэрэг туршилтуудыг амжилттай хийж байна. Түүнчлэн, Шведийн судалгааны институт болох RISE автомат тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр туршилт судалгааг хийж, Чалмерсын Их сургуультай хамтран AstaZero хэмээх дэлхийн хамгийн анхны замын аюулгүй байдлыг хангах цогц туршилтын орчинг байгуулсан байна. Энэхүү байгууламж нь аюулгүй байдлын дэвшилтэт систем болон системийн үйл ажиллагааг бүх төрлийн хөдөлгөөн, нөхцөл байдалд турших боломжийг олгох замын хөдөлгөөний төрөл бүрийн орчин нөхцлийг бүрдүүлж өгснөөрөө онцлог юм байна.
Түүнчлэн, нийтийн тээврийн систем, эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг хэрэглээ, хог хаягдлын менежмент, боловсрол, эрүүл мэндийн системд AI-ыг нэвтрүүлэн илүү тогвортой, ухаалаг хотыг бий болгох өргөн боломж бүрджээ.

Дээрх чиглэлээрх санал хүсэлт явуулах хаяг: [email protected]