Нотариатын үйлчилгээ

2022-11-17


 НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭ

 

ИТГЭМЖЛЭЛ

2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс Цахим итгэмжлэлийн үйлчилгээг хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад нэвтрүүлсэнтэй холбогдуулан гараар бичсэн итгэмжлэл хүлээж авахгүй болсон. Үүнтэй холбогдуулан иргэн Та цахим нотариатын үйлчилгээний вэбсайтаар орж, өөрийн бүртгэлийг үүсгэн дараах материалыг бүрдүүлж Элчин сайдын яамнаас үйлчилгээ авна уу. 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Монгол Улсын гадаад паспорт, иргэний үнэмлэх (хуулбар байж болно) 

  • Монгол Улсад итгэмжлэл хүлээн авах хүний иргэний үнэмлэхний хуулбар 

  • Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 

  • Банктай холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх тохиолдолд банкны мэдээлэл болох банкны нэр, дансны дугаар зэрэг мэдээлэл шаардлагатай тул холбогдох бэлтгэл хангаж ирнэ үү.  

САНАМЖ: 

  • Итгэмжлэлийг зөвхөн монгол хэлээр үйлдэнэ. 

  • Итгэмжлэл дээрх хаяг хэсэгт өөрийн оршин суугаа гадаад улсын хаягаа кирилл үсгээр галиглан бичиж, гар утасны дугаараа улсын кодыг оролцуулан бичнэ. (Жишээ нь Швед Улс дахь гар утасны дугаар бол +46 7.... гэх маягаар бичнэ)

  • Итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг тодорхой бичнэ. Итгэмжлэл 3 хүртэлх жилийн хугацаанд хүчинтэй байна.  

  • Итгэмжлэлийн зүүн доод булан дахь QR код болон үсгэн кодыг Монгол Улсад итгэмжлэл авах хүндээ илгээнэ. 

  • Монгол Улсад итгэмжлэл авах төлөөлөгч нь өөрт хамгийн ойрхон байрлах нотариатчийн газарт өөрийн бичиг баримт, QR код болон үсгэн кодыг үзүүлэн итгэмжлэлээ хэвлүүлж авна. Монгол Улсад итгэмжлэл хэвлэх нотариатын үйлчилгээний үнэ 1 нүүр 2000 төгрөг байхаар Нотариатын танхимаас баталсан. 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ:

1

Итгэмжлэл

110

2

Гарын үсгийн баталгаа гэрчлэх

55

3

Баримт бичгийн хуулбар гэрчлэх

хуудас тутмаас 55

4

Өв залгамжлал, гэрээ хэлцэл, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бусад бичиг баримт гэрчлэх

110

 

АНХААРАХ ЗҮЙЛС:
Итгэлцэл. Та өөрөө биечлэн гүйцэтгэх боломжгүй тодорхой үйлдлийг бусдаар дамжуулан гүйцэтгүүлэхийн тулд бусдад итгэлцлийн үндсэн дээр итгэмжлэл олгодог.
Үр дагавар. Та өөрийн үл хөдлөх хөрөнгө, байр орон сууц болон бүх төрлийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөө захиран зарцуулах эрхийг бусдад олгосон тухай итгэмжлэл үйлдэхээсээ өмнө хожмын үр дагавар ямар байж болохыг эргэцүүлж, эргэлзээ шаардлага бий бол мэргэжлийн хуульчаас урьдчилж зөвлөгөө авахыг зөвлөе. Ингэх нь зарим тохиолдолд таны эд хөрөнгө, цаг завыг хэмнэх ач холбогдолтой гэдгийг анхаарна уу.
Чадамж, туршлага. Таны хүссэн ажил, үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр зохицуулж, хэрэгжүүлэх Таныг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч тань эрүүл мэнд, боловсрол, бичиг үсгийн чадвар, чадавхи, туршлагатай бөгөөд цаг зав нь тохиромжтой эсэхийг урьдчилж сайтар тунгаана уу. Тухайлбал, ахмад настай хүнийг ачаалал, дараалал ихтэй үйлчилгээний байгууллага эсхүл хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх ажилд итгэмжилснээс заримдаа чирэгдэл үүсгэсэн тохиолдол үе үе илэрч байсныг анхааруулъя.
Эрхийн гэрчилгээ. Эд хөрөнгө захиран зарцуулах агуулгатай итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлэхдээ тухайн эд хөрөнгөтэй холбоотой өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг авч ирнэ үү. Учир нь таны нэр тухайн өмч, хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн цор ганц эсвэл хамтран эзэмшигч эсэхийг нягтлах шаардлага бий болдог. Энэ нь тухайн хөрөнгийн хууль ёсны бусад өмчлөгчдийн зөвшөөрөл шаардагдахыг нотлох зэрэг эрх зүйн шинжтэй олон асуудал, үр дагавар үүсэж, хөндөгдөж болзошгүй байдагтай холбоотой.
Банкны болон үйлчилгээний компанид бүртгэлтэй данс. Та банкны болон үүрэн холбооны оператор компанид бүртгэгдсэн данс, утасны дугаарын эзэмших эрхтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэхээр ЭСЯ-нд хүрэлцэн ирэхээсээ өмнө тухайн үйлчилгээний байгууллагатай цахим болон бусад хэлбэрээр урьдчилж холбогдон сайтар тодруулга хийнэ үү. Энэ нь тэдгээр тодорхой үйлчилгээний байгууллагаас тавьдаг зохих шаардлагын дагуу итгэмжлэлээ бичихэд тань дөхөм болж, таны цаг завыг хэмнэх ач холбогдолтой.
Хууль, шүүхийн байгууллагад хандсан итгэмжлэл. Хуулийн болон шүүхийн байгууллагаар эрхээ хамгаалуулах итгэмжлэл гэрчлүүлэхийн өмнө та заавал мэргэжлийн өмгөөлөгчөөс зөвлөгөө авч, итгэмжлэлийн шаардлага хангасан төслийг мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөр бичүүлсэн байх шаардлагатай.
Итгэмжлэлийн маягт бөглөх. Маягтыг зөвхөн Монгол Улсын төрийн албан ёсны хэл Монгол хэлээр бөглөнө. Та өөрийн хүссэн зохих итгэмжлэлийн маягт бөглөхдөө ХАЯГ гэсэн хэсэгт одоо амьдарч байгаа /иргэний үнэмлэхэд бүртгэлтэй, хаягийн шилжилт хөдөлгөөн хийсэн бол нотлох бичиг/ газрын хаягийг холбоо барих утас, цахим шуудангийн хаягийн хамт бичнэ үү.
Иргэд нотариат, консулын үйлчилгээ авахдаа Монгол Улсын иргэний үнэмлэх мөн Үндэсний гадаад паспорттой ирэх ёстой.
ӨРГӨДӨЛ ГЭРЧЛҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС:
Нотариатын зарим үйлдэл, үйлчилгээ Таны өөрийн өргөдөл бүрдүүлсэн байхыг зайлшгүй шаардах тохиолдол бий. Энэ нь зүй ёсны шаардлага юм. Учир нь дан ганц итгэмжлэлийн үндсэн дээр хэн нэгэн этгээд Таны өмнөөс Таны гэрлэлтийг цуцлуулах, эсхүл Таны болон үр хүүхдийн тань нэр, овгийг өөрчлөх зэрэг үйлдлийг хийх нь зүй бус явдал мөн. Хүүхдийн овгийн нэрийг өөрчлүүлэх тохиолдлоор жишээ авахад, энэ тухай өргөдлийг хүүхдийн эхээс гадна өөрөөрөө овоглуулах хүсэлт гаргагч этгээд мөн бичих шаардлагатай байдаг. Энэ тохиолдолд өргөдлөө Та өөрийн биеэр хүрэлцэн ирж нотариатаар гэрчлүүлнэ.
Хэрэв та өөрийн өргөдлийг бичихдээ үг, үсгийн болон дүрмийн алдаа хийхээс санаа зовж байвал дараах цахим холбоосоор нэвтэрч http://spellcheck.gov.mn/ Монгол хэлний дүрэм шалгагчийг ямар нэгэн үнэ, төлбөргүй ашиглахыг санал болгоё. Ямар ч тохиолдолд Өргөдөл бичихдээ мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс урьдчилж зөвлөгөө авах зүйтэй бөгөөд зарим тохиолдолд Таны цаг завыг ихээхэн хэмнэж болохыг зөвлөе.